Цус ойртолтын шинж тэмдэг ажиглагдах болсон тул Австралийн Тасмани арлын Лонсестон хотын цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг сүрэг сармагчны үржлийг зогсоож, урт хугацаанд жамаар нь үхүүлэхээр болжээ.
1981 онд ах дүү хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Японы Икеда хот 10 ширхэг макака сармагчныг Лонсестон хотын хүрээлэнд бэлэглэж байсан юм.
2000 онд сармагчнуудын дунд элэгний B вирус тарахад тэдгээрийг устгалд оруулах санал гарсан ч дэмжигдээгүй өнгөрч байжээ.
Харин сүүлийн үед эдгээр амьтдын үр төл дутуу болон амьгүй төрөх явдал нэмэгдэж, удамшил, генетикийн асуудал тулгарч эхэлсэн тул энэ удаа устгахаас өөр аргагүй болсон байна.
Австралийн биологийн аюулгүй байдлын хуулиар гадаадаас уугуул биш амьтны төрөл зүйл импортлохыг хориглодог. Хэрвээ гаднын гаралтай амьтдад ноцтой асуудал тулгарвал мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагах ёстой байдаг байна.
Тэгвэл мэргэжлийн байгууллага Лонсестон хотын захиргаанд сармагчнуудыг шууд устгалд оруулах, эсвэл эрэгчин сармагчнуудын үрийн сувгийг боох замаар үржлийг нь зогсоож, аажмаар устгах хувилбартай зөвлөмж өгчээ.
Хоёр дахь хувилбарыг сонгосон тохиолдолд ирэх 25 жилийн дотор бүх сармагчин байгалийн жамаараа үхэж дуусах юм байна.
Өчигдөр буюу Пүрэв гарагийн үдээс хойш болсон хотын зөвлөлийн хурлаар үржлийг зогсоох хувилбар 10:1 харьцаагаар дэмжигджээ.
“Лонсестон хотын оршин суугчид хүрээлэнгийн сармагчнуудын сайн сайхны төлөө маш их санаа тавьдгийг бид мэднэ. Хотын зөвлөлийн гишүүд болон ажилтнууд ч бас ижил. Гэвч шинэ генетикийн нөөцгүй болж, эрүүл мэнд, сайн сайхан байдалд нь ноцтой нөлөө үзүүлэх болсон тул бид тэдний ирээдүйг бодох шаардлагатай болсон. Хэдийгээр хэцүү байсан ч сармагчнуудын сайн сайхан байдлын төлөө ийм шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Сармагчнууд цаашдаа хэдэн арван жилийн турш бидэнтэй хамт байх бөгөөд бид тэднийг өндөр стандартын дагуу халамжлах болно” гэж хотын захирагч Мэттью Гэрвүүд хэлжээ.
Тэрбээр энэ шийдвэрээ тайлбарласан захидлыг Икеда хотын даргад илгээхээр төлөвлөсөн байна.
Хотын зөвлөлийн гишүүн Андреа Докинс сармагчнуудыг хүлээж авч байсан үетэй харьцуулахад өнөөдрийн нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдсөн тухай энэ үеэр ярьжээ.
“Хэрвээ өнөөдөр бидэнд сармагчин бэлэглэх санал тавьсан бол хүлээж авахгүй байсан байх. Хүмүүсийг зугаацуулах зорилгоор зэрлэг амьтдыг барьж хорих нь өнгөрсөн үеийн үзэгдэл юм” гэж тэр хэлсэн байна.
Эрэгчин сармагчнуудын үрийн сувгийг боох ажлыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар болжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!