Ариун журам, ач буянтай үйлс, сайхан сайшаалтай бүхнийг эрэлхийлдэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн залуучууд жил бүрийн намар сайн дураараа Тэрэлж орчмын бохирдолтой газруудыг очиж цэвэрлэдэг уламжлалтай.
Энэ жил тус сүмийн 18-30 насны 120 гаруй залуус Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний газартай хамтран Мэлхий хад орчим болон голын эрэг дагуух газрууд мөн хогийн цэгт хуралдсан хогийг цэвэрлэж, шуудайлж ачуулжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил Тэрэлжид аялагчдын тарьдаг хог эрс багассан мөн иргэдийн ухамсар дээшилсэн байгаад хог түүсэн залуучууд талархалтай байлаа.
Монгол Улсад 29 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гишүүддээ улсынхаа сайн иргэд байхыг, нийгэмдээ тогтмол сайн сайхныг үйлдэхийг, тусламж хэрэгтэй тэднийг олж үйлчлэхийг, шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг ямагт уриалдаг тул тус сүмийн гишүүд нийгэмдээ сайн үйлсийн аяныг энэ мэтчилэн тасралтгүй өрнүүлдэг ажээ.
Байгаль дэлхийдээ хог хаяхгүй байхыг нийт ард иргэд, аялагч жуулчлагч нартаа дахин уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!