Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.
Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ "Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийлжээ.
Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм.
ОХУ-тай Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээр хийгдэж байна
- Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд баталсан. Энэ хөтөлбөр бол Монгол Улсын эдийн засгийг 2050 он гэхэд 10 дахин тэлэх, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болох зорилт юм.
- Цар тахлын үеийн эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байна. “Алсын хараа-2050” бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг 6 багц зорилтын хүрээнд 50 орчим томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус бодлогод тусгагдсан.
- Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэнэ гэж тооцож байна.
- Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулсан. Энэ хөтөлбөр олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцоо, Бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм.
Энэхүү чуулганд Боомт, Эрчим хүч, Аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн тухай товч танилцуулъя.
- Монгол Улс далайд гарцгүй орны хувьд бүх боомтуудаа авто замаар, эдийн засгийн стратегийн боомтуудаа төмөр замаар,
- Монгол Улс өнөөдөр хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Эдгээр боомтыг хөрш орнуудын стандартад уялдуулж, олон улсын жишиг боомт болгон хөгжүүлэх болно.
- Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдсэнээр Монгол Улс бүс нутгийн транзит улс болон хөгжих боломж бүрдэнэ.
- Дорнын эдийн засгийн чуулгын үеэр Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг дэлгэрэнгүй ярилцах байгаа бөгөөд өчигдөр Оросын Төмөр Замууд нийгэмлэгийн удирдлагуудтай санал солилцсон.
- Монгол Улс боомтын хамтын ажиллагаа, дэд бүтцийн төслүүд, агаарын тээврийн шинэчлэл, карго тээврийн чиглэлийн бусад төслүүдийн талаар олон улсын хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.
- Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Энэ ч утгаараа “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой.
- Сэргээгдэх эрчим хүчний Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон.
Аж үйлдвэржилтийн сэргэлт:
- Монгол Улсын экспортын 92 хувь нь уул уурхай, түүний дотор 31 хувь нь зэсийн хүдэр, 30 хувь нь чулуун нүүрс, 11 хувь нь алт, 10 хувь нь төмрийн хүдэр байдаг.
- 2022 оны нэгдүгээр сарын 25-нд дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхай болох Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, ирэх жилийн эхний хагаст бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.
- Та бүхэн дэлгэц дээр Монгол Улсын аж үйлдвэрийн төслүүдийн талаар байршил, мэдээллийг харж байна. Хөрөнгө оруулагчид та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье.
- Та бүхэн дэлгэц дээр Монгол Улсын бүс нутагт хэрэгжих эрчим хүчний төслүүдийн байршил, хүчин чадлын тухай харж байна. Түншлэн ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай бид энэ чуулганы үеэр уулзахад нээлттэй. Манай эрчим хүчний сайд болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа.
- Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогод нийцүүлж, хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд, эрхзүйн цогц реформ хийж байгаа. Монгол Улсын Засгийн газар төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia” цонхонд нэгтгэсэн.
- Цаашид Е-Business үйлчилгээгээр хөрөнгө оруулагчид, дэлхийн аль ч улс орноос Монгол Улсын эдийн засгийн харилцаанд түншлэн ажиллах боломжийг бүрдүүлэх болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!