Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зуншлага тааруу баруун таван аймгийнхан хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулах шаардлага үүсэж байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд З.Мэндсайхан болон бусад холбогдох яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд хамтран нийслэл, 21 аймгийн аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдав.

Зуншлага тааруу байгаа баруун таван аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсэж байна.

Хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "БНХАУ өнгөрсөн Баасан гарагаас эхлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авч эхэлсэн. Засгийн газрын зүгээс экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байгаа" хэмээн хэлсэн юм. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах чиглэл өгснийг хүргэж байна. Үүнд:

  • Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Өөрийн аймгийн нутагтаа ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийж, бодитой дүгнэлт гаргах
  • Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, хадлан авах боломжгүй аймаг, сумдад хадлангийн талбай ашиглуулах
  • Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж, бог малын хээлтүүлэгчийг бүх хээлтэгч малдаа тавих эсэхийг шийдэх
  • 2022 оны үр дүнгийн гэрээн дэх орон нутгийн тусгай хэрэгцээний сумын болон сум дундын отрын бүс нутаг байгуулах заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг эрчимжүүлэх
  • Малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хор уршиг, тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх сурталчилгаа, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчид, иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар тогтмол хүргэх
  • Малын гоц халдварт өвчний эрсдэл бүхий аймаг, сумаас хийх малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд хяналт тавих, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгэгдээгүй мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нэвтрэх, дамжин өнгөрүүлэхгүй байх
  • Архаг халдварт болон шимэгч өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах
  • Малын гоц халдварт болон халдварт өвчин олон аймаг, суманд тархсантай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах
  • Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид үржлийн бус малаа эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд чанарын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах
  • Орон нутагтаа бэлтгэсэн малын арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийж, Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах арга хэмжээг зохион байгуулах
  • Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хүрээнд төвлөрсөн хөрөнгийг төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасан арга хэмжээнүүдэд зориулалтын дагуу зарцуулах
  • Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн арван хоёрдугаар сарын 5-ны дотор батлахаар заасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт холбогдох хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тусгаж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо. 

 

Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам