Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор Баянхонгор аймгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийв. Тэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд хандан гурван хүсэлт гаргаж байгаа талаар хэллээ.
Байгаль орчны зөвлөх Д.Туяа "Уул уурхайн нэр бүхий компани Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 2015-2016 оны хооронд үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэвч тэд ашигласан талбай дээрээ ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Улмаар зургаан жилийн хугацаанд сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Уул уурхайн олборлолтын улмаас тухайн газар нутагт ердөө зургаан нуур л үлдээд байна. Мэргэжлийн байгууллагын тогтоосноор хамгийн гүн нь 4.5 метр, шаварлаг нь 1.2 метрийн гүн байгаа юм.
Дээр дурдсан нэр бүхий компани нь 2022 оны тавдугаар сарын 3-нд тухайн ашиглалтын талбай дээрээ нарийвчилсан геологи хайгуул хийнэ гэж орон нутагт дахин ирсэн. Өмнөх талбайд нөхөн сэргээлт хийлгүй хаяж, зургаан жил болсон учраас орон нутгийн иргэд тодорхой шаардлага тавьсан байдаг. Гэвч хууль хяналтынханд гомдол гаргаж малчин иргэдийг шалгуулсан.Одоогоор цагдаагийн байгууллагаас орон нутгийн иргэдийг шалгаж байна.
Байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Үүнийг манай улсын Үндсэн хуульд тов тодорхой заасан байхад уул уурхайн компани өөрийн хууль бус үйл ажиллагааг явуулахын тулд иргэдийг дарамталж байна. Тухайн компанийн зүгээс 10 гаруй хоногийн дараа энэ газарт хөрс хуулалтаа хийнэ. Бид зөвшөөрлөө авсан гэж түрэмгийлээд байгаа. Гэтэл тэдний байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг одоогоор батлаагүй байна гэх албан тоотыг өнөөдөр холбогдох яамнаас ирүүлсэн. Үндсэн хуулийн дагуу хуулийн өмнө нь бүгд тэгш эрхтэй байдаг. Гэтэл энгийн иргэдээс илүү уул уурхайн компани давуу эрх эдлээд байна"хэмээн хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Ус бол байгалийн үнэт баялаг. Гэтэл уул уурхайн компани ус ашигласан төлбөрийг 2013 онд тогтоосон үнээр төлж байна. Өнөөдрийн зах зээлтэй уялдаад тэдний төлөх үнийн дүн өсөх ёстой шүү дээ. Жишээ дурдахад,
Түүнчлэн Булган аймгийн мэргэжлийн хяналтын газарт 2020 онд Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг 37 аж ахуйн нэгж тоолуургүй ус ашиглаж байна гэсэн гомдол гаргасан. Гэвч хуулийн дагуу арга хэмжээ тооцоогүй, өнөөдрийг хүрсэн. Байгалийн баялгийг тоолуургүй хууль бусаар ашигласан бол үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Гэвч үүнд шат шатандаа хяналт тавихгүй байна. Тиймээс гурван асуудлаар БОАЖ-ын сайдад хүсэлт гаргаж байгаа юм" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!