Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

15-29 насны хүүхэд, залуусын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас мэдээлжээ. Түүнчлэн 15-29 насны хүүхэд, залуусын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, энэ оны долдугаар сарын 25-ны байдлаар 55,046 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгджээ.
Он гарснаас хойш зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.

Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвүүдэд энэ оны долдугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8,699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:

  • Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр 8,259
  • Тоормос 4,639
  • Жолооны механизмаар 3,954
  • Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй 3,148
  • Экологийн үзүүлэлтээр 3,357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй гэдгийг мэдээллээ.

Эдгээр тээврийн хэрэгсэлд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг байна. 

Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.

Иймд авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг баталсан байдаг. Энэхүү журмын

  • 4.1.Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний авто тээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад авто тээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.
  • 4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:
  • 4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
  • 4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан авто тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
  • 4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон авто тээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
  • 4.2.4. авто тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.

Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын төвүүд нь албан ёсоор итгэмжлэгдсэн олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношилгоондоо хамрагдахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс уриалж байна.