Зорилготой хүн өөрийн орлого, зарлагаа оновчтой удирдаж чаддаг. Өөрөөр хэлбэл, хязгаартай орлогыг хязгааргүй хэрэгцээндээ хүрэлцээтэй зарцуулахад зорилго тусалдаг. Хэрэв та үрэлгэн, мөнгө чинь дорхноо дуусчихдаг, ирээдүйдээ болон гэнэтийн асуудалд зориулж хуримтлал үүсгээгүй бол таны амьдралын чанар цаашид ямар байх бол!
Бодож эргэцүүлсэн бол өнөөдрөөс эхлэн санхүүгийн зорилгоо оновчтой тодорхойлж эхэлье.
Үүний тулд богино, дунд, урт хугацаанд миний амьдралд мөнгөөр хэрэгжүүлэх боломжтой ямар зорилгыг төлөвлөж болохоо бодно. Дараа нь тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд би орлогоо хэрхэн хуваарилахаа тооцно. Удаах алхам бол ямар хэмжээгээр, ямар давтамжтайгаар зорилгодоо зориулж мөнгөө цааш хадгалахаа шийднэ. Хамгийн чухал нь үүнийг өөрийн дадал зуршил болгож хэвшүүлээрэй. Ингэхийн тулд цаасан дээр төлөвлө. Түүнийгээ давтамжтайгаар харж байхыг зөвлөе.
Хөгжсөн улс орнуудын төр, засгаас иргэдийнхээ санхүүгийн боловсролд онцгой анхаардаг. Учир нь мөнгө зөв удирдаж чаддаг хувь хүний нийгэм, эдийн засагт үзүүлэх ач тус өндөр байдаг. Тухайлбал, хэрэгцээндээ тааруулсан худалдан авалт нь тухайн хувь хүн болон өрх бүлээс хэрэглээний илүүдэл гаргаж, орчны хог хаягдалд нэрмээс болохгүй, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв сонгосноор санхүүгийн хохирогч болохгүй төдийгүй зээл чанаргүйтэхгүй, залилан луйварт өртөхгүй, тэрчлэн улсын төсвийн мөнгөнд ч хяналт тавих чадвартай иргэд төлөвшдөг зэрэг сайн үр дүнг үзүүлдэг.
Иймд санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд тань зориулж, Монголбанкнаас санаачилсан подкаст ярилцлагыг цувралаар хүргэж байна.
Эхний дугаарт “Санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэдэг тухай ярилцлаа.
ПОДКАСТ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|