Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Угаагдсан төмөр замыг яаралтай сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

ikon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 14 цаг 25 минутын орчим орсон гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн 1-р зуутад төмөр зам угаагдсаныг Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р ачааны галт тэрэгний машинч мэдмэгц яаралтай тормос хийн зогсож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд тус тус зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна.

зураг
 
зураг
 

Мөн өдрийн 20:30 минутад сондгой чиглэлд аялах Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн зорчигчийн 263-р галт тэрэгний зорчигчдыг Рашаант өртөө хүртэл автобусаар тээвэрлэж, тус өртөөнөөс галт тэргэнд суулгажээ. Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273-р галт тэрэгний аяллын цагийг хойшлуулж, төмөр замыг сэргээн засаж дуусмагц аялуулсан байна. УБТЗ-ын зүгээс зорчигчдын ая тухыг алдагдуулахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг авч ажиллав.

Төмөр зам угаагдсаныг мэдсэн даруй яаралтай сэргээн босгох ажлыг эхлүүлж, төмөр замчид богино хугацаанд шаргуу ажиллаж мөн өдрийн 22:46 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: УБТЗ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.