Бүгд Найрамдах Солонгос Улсын хилээр нэвтрэх хуудсыг хэрхэн бөглөх талаар тус улсад суугаа Элчин Сайдын Яамнаас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
"Arrival Card" буюу "Хилээр нэвтрэх хуудас" нь БНСУ-д зорчиж буй гадаад иргэдийн заавал бичих шаардлагатай бичиг баримт болдог. Энэ хуудсыг нисэх онгоцонд эсхүл нисэх буудлын "Бичиг баримт бичих" тусгай хэсгээс авч, англи эсхүл солонгос хэлээр гаргацтай бөглөнө.
ХАЯГ БУЮУ ОРШИН СУУХ ГАЗАР
Зочид буудал, хүлээн авах хүний хаяг, түр оршин суух газар зэргийг хаяг тодорхой, гаргацтай бичих хэрэгтэй. Зочид буудалд байрлах бол буудлын нэр, хаяг заавал байх ёстой.
Жишээ нь: Lotte Hotel Seoul, 30 Eulji-ro, Jung-gu, Seoul гэх мэт.
Шаардлагатай тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч БНСУ-д байрлах хаягийн үнэн зөвийг тодруулахын тулд "Хилээр нэвтрэх хуудас"-т бичсэн хаягийн утасны дугаартай холбогдож, таны байрлах хугацаа зэрэг мэдээллийг тодруулна. Иймд та зочид буудалд байрлах бол урьдчилгаа төлбөрөө төлж, захиалгаа заавал баталгаажуулаарай.
ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР
Энэ хэсэгт та өөрийн эсхүл БНСУ-д буй танил /төрөл, садан/-ын эсхүл зочид буудлын утасны дугаар бичиж болно. Визийн хүсэлт гаргахдаа тэмдэглэсэн утасны дугаар болон "Хилээр нэвтрэх хуудас"-т бичсэн утасны дугаар зөрөхгүй байхыг анхаарна уу.
Түүнчлэн, БНСУ-д зорчихоос өмнө "Хилээр нэвтрэх хуудас"-т бичсэн утасны дугаар эзэмшигч байгууллага болон хувь хүнтэй урьдчилан холбогдож, хил нэвтрэх цаг хугацаанд гар утсаа биедээ ойрхон байлгах, хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч залгах үед Таны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой байхыг анхааруулах нь зүйтэй.
Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч "Хилээр нэвтрэх хуудас"-т бичсэн утасны дугаарт холбогдож, тантай хамааралтай эсэх, таны зорчих зорилго, оршин суух хугацаа, байрлах хаяг зэргийг тодруулах тул таны мэдээлэл зөрөхгүй байх шаардлагатай.
ЗОРЧИХ ЗОРИЛГО
"Хилээр нэвтрэх хуудас"-т
БНСУ-ын Цагаачлалын хяналтын хуулийн дагуу хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч таны зорчих зорилго нь олгогдсон визийн статустай тохирч буй эсэхийг тодруулна. Иймд иргэн Та өөрийн визийн статусын дагуу зорчих зорилгоо нотолсон бичиг баримтыг биедээ авч явах нь зүйтэй.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!