Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байдаг "Монголросцветмет" компанийн нэрийг орчин үеийн уул уурхайн чиглэлийн тэр дундаа чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болгож “Эрдэнэс критикал минерал" нэртэй болгох шийдвэрийг гаргалаа.
2024 онд 20 тн алт олборлож, үүнээс олох орлогын улсын төсөвт тушаахаар төлөвлөсөн. Гэхдээ 16.5 тн алт олборлож улсын төсөвт тушаасан. Сүүлийн үед дэлхийн зах зээлд нэг грамм алт 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байгаа буюу нэг кг алт 90 гаруй мянган ам.доллартой тэнцэх түүхэн дээд үнэд хүрсэн. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх, нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаатай холбоотойгоор алтны олборлолтын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ талаар судалгаа хийгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлийг салбарын сайдад өглөө. УИХ-аар хэлэлцүүлэх асуудал ч байж болох юм.
Алтны үнэ маш өндөр байгаа энэ үед бид өмнө нь ашиглаагүй ядуу, бага агуулгатай ордуудаа өнөөдөр ашиглахад эдийн засгийн хувьд ашигтай болж ирж байна" гэлээ.
-Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор экспорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурсан байна. Төсвийн орлого ч тасалдах эрсдэлтэй байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Нүүрсний экспортын хэмжээ бодит гаргалтаараа өнгөрсөн оны мөн үеэс давсан байгаа. Уул уурхайн биржээр борлогдсон нүүрсийг кг нөхцөлөөр хүргэж өгөх хэмжээ хэвэндээ байгаа.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнийн уналтаас болоод нүүрсний төрлөөс шалтгаалан 20-30 хувиар үнэ нь унаж байна. Бид энэ дээр нүүрсний борлуулалтаар бүрдэх улсын төсвөө 10 жилийн дунджаар буюу 105 ам.доллароор төсөвт тусгасан. Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсвийн бүрдүүлэлт эрсдэлд орж болзошгүй.
Ерөнхий сайдын сая БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг 100 сая тонноос буулгахгүй байх гэдэг асуудлыг ярьсан. Нүүрсний үнэ унаад байгаа учраас илүү их хэмжээгээр экспортолж байж улсын төсөвт тусгасан хэмжээндээ хүргэнэ.
"Чайна Энержи" компанитай энэ жилийн хувьд 5 сая тн нүүрсний борлуулалт нэмж хийхээр болсон нь эергээр нөлөөлөх байх.
Төсвийн тодотголыг ярихад эрт байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!