ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үлийн цагаан оготно устгах, хачигны эсрэг вакцин гаргах чиглэлээр хамтрах боломжтойг Куба улсын Элчин сайд онцлов

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
зураг
 

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 150 иргэн суралцаж төгссөн. Одоо жил бүр гурван оюутныг сургадаг.

Засгийн газар хоорондын гэрээнээс гадна боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр оюутан нэмж суралцуулах хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тавилаа. Мөн испани хэлтэй орнуудад оюутан сургах сонирхолтой байгаагаа илэрхийлж испани хэлний бэлтгэл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Хоёр орны дээд боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтыг үеэр дурдсан юм.

Боловсролоос гадна шинжлэх ухааны салбарт хамтрах талаар ярилцлаа. Куба улс ковидын эсрэг гурван төрлийн вакцин гарган авч хоёроос дээш настай хүн амаа дархлаажуулжээ. Анагаахын салбараас гадна хөдөө аж ахуй, мал эмнэлэг, малын вакцин гаргаж авах чиглэлээр хамтын судалгааг эхлүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн үлийн цагаан оготно устгах, хачигны эсрэг вакцин гаргаж авах чиглэлээр хамтын ажиллагааны боломжууд нээлттэй байгааг Элчин сайд онцоллоо.

 

Эх сурвалж: БШУЯ