Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэх ангийг нээнэ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Баян-Өлгий аймагт монгол хэл, бичгийн шалгалтын 400 оноогоо даваагүй 450 хүүхэд бий. Үүний 74 нь огт шалгалтдаа ирээгүй" гэдгийг Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэллээ.

Тэрбээр "Тухайн хүүхдүүд бусад шалгалт дээрээ 410, 480-аас дээш оноо авчихсан учраас цаашид тасралтгүйгээр элсэн сурах боломжийг нь олгох үүднээс наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулахаар болсон.

Ингэхдээ зуны улирлыг үр дүнтэй ашиглаж, тэдний монгол хэлний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг хамтран зохион байгуулахаар тус аймгийн ЕБС-ийн удирдлагуудтай зөвшилцсөн.

Монгол хэл, бичгийн шалгалтыг гараар засдаг учраас бид алдаанд нь дүн шинжилгээ хийж, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулаад долдугаар сарын 20-ноос эхлэн сургалтыг явуулж, дараа нь шалгалтыг дахин зохион байгуулна.

Тус аймгийн тухайд төр засаг, орон нутагтай хамтран олон талын бодлого үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ялангуяа 2012 оноос орон нутгийн боловсролын газар нь өөрөө сургалтын төлөвлөгөөг баталдаг. Үүний дагуу бага ангиас эхлээд дунд, ахлах анги руу ороход нь монгол болон казах хэлний харьцаа ямар байхыг зааж, ахлах анги нь дан монгол хэлээр хичээлээ судалдаг.

Бид олон улсын туршлагаар үндэсний цөөнх рүүгээ хандаж байгаа бодлого үйл ажиллагааг оруулж ирэх ёстой. Энэ утгаар бага боловсролын монгол хэлний жишиг хөтөлбөрийг 2-5 дугаар ангид боловсруулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ. Тухайн хөтөлбөрөөр суралцсан эхний хүүхдүүд долоон жилийн дараа төгсөж эхэлнэ.

Хос хэлний том бодлогыг хэрэгжүүлэх дараагийн чиглэлд асуудлуудыг тавьж тодорхой хоёр ч удаагийн туршилтыг хийсэн. Бүх багш нарыг монгол хэлний сургалтад хамруулах ажлыг хийж байгаа. Мэдээж үр дүн гарахад тодорхой хугацаа шаардах учраас богино хугацаанд тэдгээр хүүхдүүдийн цаашдын сурч мэдэх эрхийг нь хамгаалахын тулд төр засгаас дэмжлэг үзүүлэхээр монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг гаргаж буй юм. Гэхдээ унасан ч дахиад шалгалт аваад байх юм байна гэх байдлаар хандаж болохгүй, хамтарч ажиллана.

Баян-Өлгий аймгийн багш нарын боловсролын баримт бичгүүдийг шалгах ажлыг эхлүүлсэн. Мөн багш нарын түвшнийг тогтоож ахиулах бодлогын арга хэмжээ эхэлсэн.

Зөвхөн сургалтын үйл ажиллагаанаас гадна бэлтгэгдсэн багш, боловсон хүчнүүдийн монгол хэлний мэдлэг чадварыг сайжруулах, үүнтэй уялдуулан үндэсний онцлогтой хүүхдүүдэд хос хэлний олон улсын жишиг туршлагаар сургалтын бодлогыг хэрэгжүүлэх ажлууд эхэлсэн.

Мөн монгол-казах хэлний толь бичгийг энэ жилээс ашиглаад эхэлсэн. Магадгүй үүний үр дүн урт хугацаандаа гарах хүртэл бусад бодлогын баримт бичгүүдийг хамтран хэрэгжүүлнэ” гэв.

"Жишиг хөтөлбөрүүдийн үр дүн 4-5 жилийн дараа гарна"

Үргэлжлүүлэн “МУБИС монгол-казах, монгол-тува хэлний ангийг нээх хөтөлбөрийг боловсруулаад сонголт руу оруулсан. Өөрөөр хэлбэл, МУБИС-д багш бэлтгэх ийм бодлого хэрэгжинэ.

Дээрээс нь Баян-Өлгий дэх Багшийн коллеж нь МУБИС-ийн харьяанд очно. Энэ хүрээнд 3+1, 1+3, 2+2 гэсэн зэрэгцсэн хөтөлбөрүүд хэрэгжээд эхлэх юм.

Бид судалгаагаар ЕБС, СӨБ-д ажиллаж байгаа багш нарын төгссөн сургуульд нэлээд дүн шинжилгээ хийсэн. Одоогоор хэрэгжээд эхэлсэн жишиг хөтөлбөрүүдийн үр дүн 4-5 жилийн дараа гарна. Энэ хугацаанд бид богино хугацааны шийдлүүдээ хэрэгжүүлнэ" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/595865785544018