Уншиж байна ...

"Сургуулиудад элсүүлж байгаа оюутнаасаа хувийн хэрэг, 12 дугаар анги төгссөн гэрчилгээ зэргийг хурааж, барьцаалахгүй байх чиглэл өгсөн"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулав.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир их, дээд сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сануулж хэлэхэд, шалгалт өгсөн нийт хичээлээр 480-аас бага оноо авсан шалгуулагчийн тоо нийт шалгуулагчийн 20 хувь байгаа юм. Нийт 20,000 гаруй суралцагч их сургуульд элсэх боломж нь нээгдсэн.

Харин 480-аас бага ч 440-өөс дээш оноотой хүүхдүүд дээд сургуульд элсэх боломжтой. Аль ч хичээл дээрээ 480 авч чадаагүй 5,000 орчим хүүхэд бий. Тэдгээр хүүхэд шатлалын дагуу сургуульд элсэхээр болж байна гэсэн үг.

Их сургууль нь онолын түвшин өндөр байдаг тул хувийн болон улсын бүх их сургуулийн босго оноог 480 байхаар тогтоосон. Харин дээд сургуулийн хувьд онол, дадлага хослох сургалтын онцлогтой байдаг тул 440, коллеж нь дадлага нэлээд голлох чиглэлд байдаг учраас 400, орон нутгийн сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шинэ сэргэлтийн бодлого, төвлөрлийг сааруулах зэрэг олон бодлоготой уялдуулан 410 байхаар босго оноог тус тус тогтоосон.

Энэ босго оноогоо барьж элсэхийг эцэг, эхчүүд болон суралцагч нарт анхааруулж хэлье. Учир нь ирэх намар сургуулийн бүртгэл хийгдэхэд босго оноо нь хүрээгүй элсэгчийг их дээд сургуулийн бүртгэлийн систем дээр бүртгэж авахгүй байх тохиргоо хийж байгаа.

Өөрөөр хэлбэл, босго оноо нь хүрээгүй байхад босго онооноос давсан сургуулийн элсэлтийн урилга авах байдлаар буруу сонголт хийсний улмаас намар тухайн сургуульдаа очиж бүртгүүлэх үеэр нь асуудал үүсэж, сандрах, хохирох тохиолдол гарч болзошгүй. Иймд үндэсний хэмжээнд тогтоосон босго оноог мөрдөж, мэргэжил сонголтоо хийхийг зөвлөж байна.

Түүнчлэн бид элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор сургуулиуд элсүүлж байгаа оюутнаас иргэний бичиг баримт, хувийн хэрэг болон 12 дугаар анги төгссөн гэрчилгээ зэрэг бусад холбогдох бичиг баримтуудыг хурааж, барьцаалахгүй чиглэлийг өгсөн.

Мөн дүн оноо нь тодорхой болоогүй хүүхдийг бүртгэж, түүндээ аливаа төрлийн хураамж, төлбөр авахгүй байх чиглэлийг өгсөн" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/595865785544018