Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд өмгөөлөгч Г.Баасан "Ч.Мөнхбаяр 125 дахь хоногтоо цагдан хоригдож байна. Эмнэлэгт хэвтээд тав хонолоо. Түүнд холбогдуулсан хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Энэ хүнийг хятадын эсрэг тагнуул хийсэн гэх үйлдэл байхгүй, Монголын эсрэг бүр байхгүй. Ямар ч нууц юм байхгүй. Гэтэл энэ хүнийг 125 хоног цагдан хорилоо, өөр юу ч хийсэнгүй" гэсэн юм.
Мөн өмгөөлөгч А.Батдорж "Сэтгүүлч Ч.Мөнхбаярын амь нас, аюулгүй байдлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хариуцах ёстой гэж үзэж байна. БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, монгол хүнийг Монгол Улсын хуулиар яллах боломжгүй.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн, тусгаар тогтносон Монгол Улсад хууль засаглах, төрийг төлөөлж прокурор нь хянах, шүүх нь эцэслэн шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд амьдарч байна гэтэл бид үнэхээр том эндүүрэлд орсон байна.
Үүний нэг баримт нь БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж монгол хүнийг яллаж, манай улс нь улс төрийн хоригдолтой боллоо.
Ч.Мөнхбаяр дээр гүйцэтгэх ажиллагааг 1.3 жил явуулсан ч нотолгоо олоогүй, хавтаст хэрэгт авагдсан материалд төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл байхгүй. Иймд энэ хэргийг нууцаас гаргаж, олон нийтийн хэлэлцүүлэг хийх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Ч.Мөнхбаярт цагдан хорихоос өөр тусгаарлах арга хэмжээ авах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа тавихад хангаагүйгээс түүний амь насны аюулгүй байдал баталгаагүй болж байна. Тийм учраас суллах хүсэлтийг Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.
Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг өмгөөлөгчид бид ҮАБЗ-өөс нэхнэ. Учир нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг УИХ хянан шалгаж, сонсох, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар танилцаж, даалгавар өгөхөөр зохицуулсан байх тул хууль ёсыг гажуудуулсан үйлдлийн үр дагаврыг ҮАБЗ хариуцах ёстой гэж үзэж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!