"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэн явуулсан.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Монгол Улсын тагнуулын байгууллага нь Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг.
Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан.
Түүний гэрт нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна" гэв.
Мөн тэрбээр өөрийн байгууллагын шалгах чиг үүргийн хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Тухайлбал, Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд найман жил хорих ял оноогоод байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгасан. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!