Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч “Хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаярыг ямар ч үндэслэлгүйгээр 66 хоног хорьж байна. Бид түүнийг цагдан хоригдсон 21 хоногт хэвлэлийн хурал хийсэн. Гэм буруугийн шүүх хурлаар Иргэн Мөнхбаярыг буруутгах нотлох баримтууд үгүйсгэгдэж шүүх хэргийг цагаатгах боломжтой байхад эргэлзээтэй нотлох баримт гэж үзэн прокурорт буцаах тогтоол гаргасан.
Эргэлзээтэй нотлох баримт гэдэг нь нотлох баримт биш гэж бид үзэж байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хангахгүй байна.
Ч.Мөнхбаярын эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулж, хууль заасан үндэслэлгүйгээр цагдан хорьж эрүү шүүлтийн хэлбэр болох дарамт үзүүлж байна. Ч.Мөнхбаярыг суллахыг шаардсан мэдэгдлүүдийг монгол туургатнуудаас гаргасаар байна. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс дахин гаргана.
Мөн Тагнуулын ерөнхий газар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн тул шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан боловч шаардлагагүй гэж үзээд прокурорт буцаасан. УЕП-оос одоог хүртэл хариу ирээгүй. Хууль хяналтын байгууллагууд бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх баригчдын нөлөөнд автжээ” гэв.
Г.Баасан “Гэм буруутай нь тогтоогдсон, хорихгүй бол үргэлжлүүлэн гэмт хэрэг хийх магадлалтай, тогтсон гэр оронгүй, өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан хүнийг хорихоос өөр аргагүй бөгөөд үүнийг таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг. Ч.Мөнхбаярын хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авах ямар ч нөхцөл бүрдэхгүй байгаа. Тагнуулын ерөнхий газар агнуулын ерөнхий газар болжээ. Тагнах зүйлээ тагнаж чадахаа больчихсон байна. Түүнийг жил гурван сарын хугацаанд тагнаж мөшгөж, барилаа гэсэн мөртлөө долоо хоногийн дараа хавтас хэргийн материал бүрдүүлж байгаа нь хууль бус үйлдэл" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!