Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батбаяр: Монголд жилд дунджаар 18,000 орчим махчин шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогддог

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шувуудад ээлтэй эрчим хүчний төлөө" уриан дор цахилгааны шугамын MNS 6518:2015 стандартыг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Монголд жилд дунджаар 18,000 орчим махчин шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогддог байна. Үүний 4,000 орчим нь олон улсын хэмжээнд ховордсон шувуу байгаа талаар Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төвийн төслийн менежер, судлаач Б.Батбаяр хэлсэн юм. 

"10 кВт, 15 кВт-ын цахилгаан түгээх шугамын шонг бетон тулгуур болгосноор шувуудын хорогдол нэмэгдэж эхэлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Шувуу хүчдэлд цохиулж эсхүл цахилгаан утас мөргөснөөс болж олноор хорогдож байна. Монгол Улсад 2003 оноос хойш 10 кВт, 15 кВт-ын цахилгаан түгээх шугамын шонг бетон тулгуур болгосноор шувуудын хорогдол нэмэгдэж эхэлсэн. Манай төвөөс 2003-2015 оны хооронд орон даяар байрлах цахилгааны шугамын 40 гаруй хувийг шалгаж үзэхэд 30 орчим зүйлийн шувуу үхсэн байна. Үүний ихэнх нь идлэг шонхор шувуу байгаа юм.

Өөрөөр хэлбэл, шувуудад ээлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын нөхцөл хангагдаагүй байсан. Улмаар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон Оюутолгой компанийн санхүүжилтийн тусламжаар дээрх ажлыг хийж, стандартаа батлууллаа. Тиймээс шинээр шугам тавьж байгаа компаниуд MNS 6518:2015 стандартыг мөрдөж чадвал эрсдэл бага учирна" гэв. 

Махчин шувуудын үхэл хорогдлыг бууруулах хүрээнд хийсэн судалгааг тэрбээр нэмж танилцуулсан юм. 

2009 онд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хөндлөвч төмөр дээр шувуу суухаас хязгаарласан хадаас байрлуулсан. Үүнийг буруу байрлуулбал бүр аюултай үр дүн гарсан.
Туршилтаас харахад хамгийн найдвартай арга нь эргэлддэг толь, шинэ загварын толгой байна. Гэвч шувууг үргээх зорилготой эргэлддэг сэнстэй толь маш амархан эвдэрдэг.
Шинэ загварын толгойг Баянхонгор аймгийн цахилгаан шугам дээр туршиж үзэхэд шувууны хорогдлыг 85-90 хувиар бууруулсан. Үүний дараа гурван аймгийн таван шон дээр хөндлөвч суурилуулж аюулгүй болгосон.
Мөн тулгуурын орой болон хөндлөвч төмрийг цахилгаан дамжуулдаггүй тусгаарлагч материалаар бүрж туршиж үзэхэд үр дүнтэй байсан.

"Тал хээрийн махчин шувууд ихэвчлэн өндөрлөг газар суудаг. Энэ бүсэд шувууд хүчдэлд цохиулж олноор хорогдож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төвийн захирал доктор Б.Нямбаяр "Монгол Улс ногоон хөгжлийн зарчмаар хөгжиж байгаа. Ийм үед шувууг алдаг үхүүлдэг эрчим хүчний шугам сүлжээтэй байж болохгүй. Хаврын шувуудын нүүдлийн ид үеэр, мөн долдугаар сард бие гүйцсэн ангаахайнууд үүрээ орхиод нисэх үед үхэл хорогдол их гардаг. Ялангуяа тал хээрийн бүсэд энэ үзэгдэл түгээмэл.

Тал хээрийн махчин шувуудын суух аюулгүй орчин нь өндөрлөг газар буюу өндөр хүчдэлийн цахилгааны шонгууд болдог. Хэрэв стандартын бус шон байвал цахилгаанд цохиулж үхэх эрсдэлтэй.

Үндэсний бахархал болсон идлэг шонхор шувуу жилд 4,000 орчим хорогдож байгаа. Энэ бол маш их тоо. Цахилгааны шугамын MNS 6518:2015 стандартыг мөрдсөнөөр жилд хэдэн мянгаар хорогддог махчин шувуудын үхлийг бууруулах боломж бий" гэлээ.