“Ирээдүйн ажлын байрны тайлан”-д программ хангамж, аппликэйшн хөгжүүлэгчийн ажлын байрны эрэлт нэмэгдэнэ хэмээн дурджээ.
/Дэлхийн эдийн засгийн форум, 2020 он/
АНУ-д энэ төрлийн мэргэжлээр ажилладаг хүмүүс нэг жилд 93 мянган долларын цалин авдаг байна. Тэгвэл манай улсад программ хангамжийн мэргэжилтний нэг сарын цалин дунджаар 3-5 сая төгрөг юм. 1.3 сая төгрөгийн дундаж цалинтай манай улсын хувьд энэ нь өндөр дүн.
Өөрсдийн өдөр тутмын амьдралд тулгардаг “төвөгтэй” асуудлыг хялбар байдлаар шийдэхийг зорьж программистын мэргэжлийг сонгосон оюутан залуус мэргэжлийнхээ талаар ийнхүү ярилаа.
ШУТИС-МХТС-ийн II курсийн оюутан О.Итгэл:
- Багадаа гэрээ цэвэрлэх дургүй хүүхэд байсан. Юмсыг таньж мэдэхийн хэрээр гэр цэвэрлэх хялбар аргыг олж болох талаар мэдсэн тул одоо хиймэл оюун ухааны чиглэлээр сурч байгаа.
МУИС-ХШУИС-ийн III курсийн оюутан Э.Төрбат:
- Багадаа компьютер, гар утастай их ойрхон өссөн. Компьютер дээр код бичих, яаж ажиллах зэргийг их сонирхдог. Өнгөрсөн таван жилийн туршид код бичсэн.
Монгол Улсад программ хангамжийн мэргэжлээр суралцаж байгаа залуус дээд боловсрол эзэмшээд Монголдоо ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх, оюутан залуусын ур чадвар ямар хэмжээнд байгаа зэргийг үнэлж дүгнэсэн олимпиад болж өнгөрчээ.
МУИС байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын Үндэсний Программчлалын 12 дугаар олимпиад өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өнгөрч, шагналт байранд шалгарсан багуудад шагналыг нь гардуулан өгсөн байна. Багийн төрлөөр болсон тус олимпиадын
Энэ удаагийн олимпиадад улсын болон хувийн их дээд сургуулийн 11 баг, одтой баг буюу ивээн тэтгэгч байгууллагын 6 баг оролцон оюун ухаанаа сорьжээ.
Олимпиадын үйл явцын талаар ШУТИС-МХТС-Компьютерын Ухааны салбарын эрхлэгч доктор, дэд профессор А.Хүдэр:
- Энэ удаагийн олимпиад нь шууд дамжуулалт хийгдсэн, rank list нь шууд харагдаж байгаагаараа өнгөрсөн жилийн олимпиадаас давуу талтай болж өнгөрсөн. Оюутнууд маань ч бодлогууд дээрээ нухацтай хандаж, нягт хамтран ажилласан.
Үндэсний программчлалын 12 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Г.Багаболд:
- Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор олимпиад маань 2 жил өнжсөн. Энэ жил багууд оролцож, оюун ухаанаа сорьсон нь маш их хүлээлттэй байлаа. Энэхүү олимпиадыг зохион байгуулах нь оюутнуудынхаа ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, мөн хаана яваагаа таньж мэдэхэд чухал нөлөөтэй. Бид энэ жилийн олимпиадаа чанартай зохион байгуулахын тулд их, дээд сургуулиудаас тус бүр нэг багийг урьж оролцуулсан.
Өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх программистын мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуус их сургуулиа төгссөн даруйдаа Юнител группт ажиллах урилга авсан нь олзуурхууштай зүйл хэмээн дурдсан юм. Тэд программчлалын олимпиадад оролцож, оюун ухаанаа сорьсноор ажлын ярилцлага, сонгон шалгаруулалтад хамрагдахгүй “ногоон гэрлээр” ажлын байртай болох боломжтой гэсэн үг. Программ хөгжүүлэлтийн мэргэжлээр суралцаж байгаа, энэ мэргэжлийг сонирхдог залуустаа бүгдэд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!