30 жилийн өмнө нэн ховордоод байсан тахь хэмээх амьтан өдгөө манай улсад 900 гаруй толгой болж өсжээ.
Түүхт ойн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хоёр сар гаруй хугацаанд зарлаж, өчигдөр шагнал гардуулах ёслолыг амжилттай зохион байгууллаа.
Сурагчид тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон дүрсэлж 200 гаруй бүтээлийг уралдаанд илгээсэн байна.
Шагнал гардуулах ёслолд БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж оролцов.
"Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гар зургийн уралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Хустай цогцолбор газар” төв ТББ, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хомын талын тахь ТББ, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж, Jet school of Mongolia сургалтын төв, Сэлбэ олон улсын сургууль, Мудра арт клуб дэмжлэг үзүүлэн оролцов.
2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах гуравдахь үйл ажиллагаа эхэлсэн.
Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордолтын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!