Монгол Улсын ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна гэсэн судалгааг өнгөрсөн онд гаргажээ.
2006 оноос хойш ойт нутгийн эзлэх хувь буурах хандлагатай байгаа аж. Тиймээс ойн талаар төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх чуулга уулзалт зохион байгуулав. Чуулганд оролцогчид ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох нь хурлын гол зорилго гэдгийг онцолж байлаа.
Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64 мянга орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах, түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар хэлэлцсэн юм.
Чуулганы төлөөлөгчид ой модыг ашиглах, хамгаалахтай холбоотой олон санал зөвлөмжийг энэ үеэр гаргаж байлаа.
Тухайлбал хууль эрх зүйг нь боловсронгуй болгох, хэт их улстөрийн шинжтэй томилгоо явуулахгүй байх, мэргэжлийн хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарлаа хандуулахыг уриалж байсан. Ойн хоёрдогч нөөц гэгддэг хаягдал унанги, гишүү зэргийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.
Уг нь энэ чиглэлийн ажил хийхээр төсөвт мөнгө төвлөрдөг ч аманд ч үгүй хамарт ч үгүй дуусдаг аж. Жишээлбэл Дарханы Шарын гол суманд шахмал түлшний үйлдвэр байгуулахаар 70 сая төгрөгийн тендер зарлаад, авсан компани нь санхүүгийн хүндрэлд орчихсон байх жишээтэй.
Тиймээс орчин үеийн технологи нэвтрүүлж эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл явуулах бодлогыг төрийн зүгээс барьж байгаа гэдгийг ҮХААЯ-ны мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.
Мөн орон нутгийн ой модтой холбоотой ашиглах, зөвшөөрөл олгох гэх мэт асуудлуудыг Засаг дарга нь мэддэг. Үүнийг өөрчлөхийг хүсч байгаагаа ойн олон мэргэжилтэн салбар яамныхаа удирдлагуудад дуулгалаа.
Ойн асуудлыг хуулиар далайлгаад шийдэж чадахгүй
Ингээд Монгол Улсын нийт ойн 40 гаруй хувь нь байдаг Хөвсгөл аймгийн Ойн газрын зөвлөх хуульч С.Жавзмаагаас хурлын талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.
-Ойн асуудлыг хөндөж үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж байна. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд чуулган хэр ач холбогдолтой болж байна вэ?
-Ой мод маань болохоо байлаа гээд юу ч хийхгүй суугаад байвал тэр чигтээ л үгүй болно. Тиймээс өмнөө тулгамдаж буй асуудлаа бөөнөөрөө ярилцах нь чухал. Гэсэн ч бодит ажил хийхгүй, хий хоосон цуглаж яриад өнгөрвөл ямар ч ашиггүй зүйл болно. Харин энэ удаагийн чуулганаар ажил хэрэг болчих аятайхан чиглэл гарах байх гэж бодож байна.
-Ойт нутгийн эзлэх хувь хэмжээ жил ирэх тусам буурч байна гэсэн дүн мэдээг яамнаас танилцууллаа. Үүнд юу голлон нөлөөлж байна вэ?
-Үүнд олон шалтгаан бий. Хүний хүчин зүйлээс гадна байгалийн хүчин зүйлээс болж мод өгөршиж муудах, хорхойд идүүлэх гэх мэтээр устаж алга болдог. Одоогоос 30 гаруй жилийн өмнөх судалгаагаар нийт ой модны 79-80 хувь нь өндөр насжилттай, хөгшин мод байна гэж байсан. Одоо энэ талаар нарийн судалсан зүйл дуулдахгүй байна. Хүний хүчин зүйлээс болж байгаа асуудал ч байгаа. Тухайлбал гал түймэр, уул уурхайгаас болж мод бут устаж байна.
Дээрээс нь нойтон модыг хууль бусаар огтлох зөрчил буурахгүй байгаа юм. Энэ нь ойн хамгаалалт муу байгаагийн илрэл.
Социализмын үед ойн модыг жинхэнэ утгаар нь хайрлан хамгаалж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед ойгоо түймрээс хамгаалж хэсэг хэсгээр нь зурвас татдаг байсан. Үүнийг сэргээх хэрэгтэй байна.
-Энэ асуудлыг та салбар яамандаа тавьж байсан уу?
-Тавьсан. Манайхан мөнгө байхгүй гэдэг. Мөнгөө байлгаж байж ойгоо хамгаалахгүй юм бол ой модгүй болсноор усгүй, цэвэр агаар ч үгүй болно. Тиймээс энэ асуудлыг тодорхой ярьж хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй.
Ер нь ойгоо хамгаалахын тулд малчид, хөдөлмөрчдөдөө үнэн үг хэлж, ухаж ойлгуулах байдлаар ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр ойн хамгаалагч, ойн байцаагч зэрэг хуулиар далайлган айлгах гэсэн хүмүүсээр хамгаалуулна гэж байхгүй. Ертөнцийг бий болгож байгаа цэвэр агаар, цэвэр усны маань эх булаг нь ой мод юм шүү гэдгийг иргэн бүрт ойлгуулах, үүнийг тайлбарладаг ойн хамгаалагчид хэрэгтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!