Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх асуудлаар Ажлын хэсэг хуралдаж байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх асуудлаар хуралдаж байгаа аж.

Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана.

Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусийн цар тахлын том давлагаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсон.

Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийн даван туулна гэсэн чиглэл өгсөн.

2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарим шаардлагагүй зарлагуудыг танах, төрийн өмчит компаниудад чиглэл өгөх, холбогдох яам, агентлагуудын бүрэлдэхүүнтэйгээр дэд ажлын хэсгийг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байгаа".

Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр монгол валютын хоёр ханштай байгааг дурдаад Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 9 хувьтай болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж, валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож, Монгол Улс дахин нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан тал буйг мэдэгдэв.

Мөн тэрбээр, жагсаал цуглаан хийж байгаа залуучуудыг та бид ажигласан. Залуучуудын зүгээс Та нар ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн бодлогын арга хэмжээтэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай байна.

Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Он гараад манай улсын валютын нөөц нэг тэрбум ам доллароор буурсны шалтгаан валютын орох урсгал багассан ч, гарах урсгал саараагүйтэй холбоотой. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хямралын өмнөх үед ирсэн.

Бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ энэхүү хоёр сонголтоос миний хувьд сүүлийнхийг нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг.

Бодлогын дээрх гурван арга хэмжээг авсны дараа шаардлагатай бол тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүй. Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас гарах урсгалыг хаана. Энэхүү дөрвөн цогц бодлогыг авч хэрэгжүүлэн дампуурахгүй байх нөхцөлөө бий болгосны дараа Засгийн газар валютын урсгалаа нэмэгдүүлэх, тогтворжуулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Бидний хувьд эхлээд хориглолтын арга хэмжээг аваад, Монгол Улс дампуурахгүй гэдгээ дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зарлах ёстой. Энэ хүнд сэдэв. Мөнгөний хатуу бодлого явуулахаар бизнесийн орчин муудах хэдий ч үүнийг ойлгож, тэвчээртэй хандахыг олон нийтээсээ хүсэж байна" хэмээн Баасан гарагт болсон хэвлэлийн үеэр мэдэгджээ.

зураг