АмЧам Монгол 4-р сарын хэлэлцүүлгээ “Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал: Гадаад хүчин зүйлс ба дотоод хямрал” сэдвээр зохион байгуулав
УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2026 оны 4-р сарын 21-ний өдөр ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал: Гадаад хүчин зүйлс ба дотоод хямрал” сэдвийн хүрээнд, бодлого тодорхойлогч болон салбарын лидерүүдийн хамтаар зохион байгуулав.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Хөрөнгө оруулалт, худалдааны бодлогын зөвлөх Б. Булганчимэг, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Мэттью Лэ Блан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тэргүүн Ж. Дэлгэрсайхан, Мандал санхүүгийн групп-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө. Ганзориг нар панелистаар оролцож, АмЧам Монгол-ын ТУЗ-ийн тэргүүн Жэймс Лиотта хэлэлцүүлгийг удирдан явуулав.
ТУЗ-ийн тэргүүн Жэймс Лиотта нээлтийн үг хэлж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, дүн шинжилгээг нийт гишүүдэд танилцуулав. Тэрээр бүс нутгийн хэмжээнд буюу Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлттэй орнуудын жишээнүүд манай улсын үзүүлэлтээс хэрхэн ялгарч байгаа болон гол хүчин зүйлс, авч хэрэгжүүлж буй бодлогуудын талаар танилцуулгадаа дурдав. Монгол Улсын хувьд 2011 онд бүс нутагтаа өндөр үзүүлэлт бүхий хөрөнгө оруулахад таатай орнуудын нэг байсан буюу тухайн жилийн ДНБ 17.3% байсан үеийг бодвол 2026 оны төсөөллөөр 5.70% дээр ирж байгаа нь эдийн засаг удааширсныг илтгэж байгааг онцлов.
Харин Зүүн Өмнөд Азийн орнууд болох Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг орнууд мөн үеийн өсөлт нь тогтвортой бөгөөд аажмаар ахисан болохыг харуулж, өсөлтөд хөтөлсөн гол хүчин зүйлс нь шинэчлэлт, стратегийн хурдасгуур, сууриа бэхжүүлсэн зэрэг арга хэмжээнүүд үр өгөөжөө өгсөн болохыг тайлбарлав. Мөн Төв Азийн орнуудын ДНБ-ий өсөлтийг 2011 оноос 2026 онтой харьцуулсан тоо баримтыг дэлгэж, Киргиз, Тажикистан, Узбекистан, Казахстан зэрэг орнууд бүгд тогтвортойгоор өссөн статистиктай байгааг харуулав. Эдгээр орнуудын өсөлтийг дэмжсэн гол ажлууд нь амжилттай реформ, институтын бэхжилт, өндөр өсөлтийг тогтвортой барих зэргүүд хүчтэй нөлөөлсөн гэж үзлээ.
Манай улсын өсөлтийг удаашруулж байгаа томоохон хүчин зүйлсийн нэг бол өрсөлдөөнт неопатриониализм буюу засаглалын харилцаа хувийн шинж давамгайлсан, эрх ашиг бүхий тодорхой бүлэгт чиглэсэн бүтэц бөгөөд түүнээс гарах арга зам нь бүтцийг шинэчлэх явдал мөн хэмээв. Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь хууль эрх зүйн тэгш байдал, шүүх засаглалын хараат бус байдал, ил тод байдлыг эрхэмлэсэн хувийн хэвшилд тулгуурлах учиртай ба хууль дүрмийг сахин мөрдөж, зөвхөн харилцаан дээр суурилж болохгүйг онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр панелистууд өөрсдийн байр суурь, дүн шинжилгээг хуваалцаж, гишүүдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Мандал Санхүүгийн Групп болон Топ Моторс компаниудад гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулав.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


