Ирантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд гал зогсоох хугацааг сунгаж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
1 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ, Ираны талуудын хооронд тохиролцсон дайны галыг 14 хоног зогсоох хугацаа өнөөдөр буюу Лхагва гарагт өндөрлөж байна.

Тэгвэл Ирантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд үүнийг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ тэр уг шийдвэрээ Пакистаны талын хүсэлтээр гэж тодотгосон юм.

Зуучлагч Пакистан улс талуудын хооронд хоёр дахь ээлжийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр шаргуу ажиллаж байгаа ч Ираны тал саналыг хүлээж аваагүй тул Исламабадад хийх АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн айлчлалыг хойшлуулсан байна.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф өчигдөр хүсэлтийг нь хүлээн авч, гал зогсоох хугацааг сунгасан АНУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлээд ингэснээр дайныг зогсоох дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх боломжтой болж байгааг мэдэгджээ.

Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай өчигдөр төв телевизээрээ ярихдаа АНУ-ын “хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдлүүд”-ийн улмаас яриа хэлэлцээнд үргэлжлүүлэн орох эсэх эцсийн шийдвэр гараагүй байгааг мэдээлсэн байна.

Хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэдэг нь Ормузын хоолойг бүслэн хаасан АНУ-ын тэнгисийн хүчний ажиллагааг хэлж буй бололтой.

Гал зогсоох хугацааг сунгах тухай зарлахаасаа өмнө Трамп тохиролцоонд хүрч чадахгүй бол Лхагва гарагаас эхлэн “асар олон бөмбөг” дэлбэрч эхлэхийг Ираны эрх баригчдад анхааруулж байв.

Тэгвэл Ираны хэлэлцээрчдийн ахлагч Тегераны гарт одоо “тулааны талбарт хараахан ил болоогүй шинэ хөзрүүд” байгааг АНУ-д хариу анхааруулжээ.

Үүнээс гадна Исламын Хувьсгалт Гвардын командлагч, генерал Мажид Мусави хэрвээ АНУ-ын агаарын цохилт сэргэвэл Персийн булангийн орнуудын газрын тосны байгууламжуудыг устгахаар сүрдүүлсэн байна.

“Хэрвээ манай өмнөд хөршүүд Иран руу довтлоход нь байгууламжуудаа ашиглахыг дайсанд зөвшөөрвөл Ойрх Дорнодын бүс нутгийн газрын тосны үйлдвэрлэлд баяртай гэж хэлэх хэрэгтэй” гэж тэрбээр Ираны мэдээллийн сайтад тодруулга өгөхдөө хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press