Украины агаарын цохилтын улмаас Орос улс энэ сард газрын тосны үйлдвэрлэлээ бууруулахад хүрчээ
Сүүлийн саруудад Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, экспортын боомтуудыг чиглэсэн агаарын цохилтоо улам эрчимжүүлээд байгаа.
Үүний улмаас Оросын тал дөрөвдүгээр сард газрын тосны үйлдвэрлэлээ огцом бууруулахад хүрснийг Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ.
Дунджаар өдрийн 300,000-400,000 баррель орчим гэж тооцоолсон энэ бууралт нь цар тахлын үеэс хойш сар тутмын үйлдвэрлэлээ хамгийн их хэмжээгээр багасгасан тохиолдол болж байгаа гэнэ.
Дэлхийн гурав дахь том газрын тос үйлдвэрлэгч гэгддэг Оросын төсвийн орлогын дөрөвний нэг орчмыг эрчим хүчний экспорт бүрдүүлдэг.
Тус улс 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт халдан довтолсныхоо дараахан газрын тосны үйлдвэрлэлийн тоо баримтаа нийтлэхээ зогсоосон юм.
Ройтерс агентлаг салбарын эх сурвалжуудаас авсан тоо баримт дээр үндэслэн дээрх тооцоог гаргажээ.
Дөрөвдүгээр сард Оросын газрын тосны өдрийн үйлдвэрлэл 2025 оны сүүлч үетэй харьцуулахад 600,000 хүртэл баррелиар буурсан байна.
“Оросын боомтууд, боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн халдлага үргэлжилж буй энэ үед үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахгүйгээр газрын тос нийлүүлэхэд хэцүү байх болно” гэж салбарын нэг эх сурвалж хэлжээ.
Удахгүй эхлэх хаврын засвар үйлчилгээний түр зогсолт үйл ажиллагааг улам хязгаарлахыг тэр бас сануулсан байна.
Энэхүү бууралт нь Ойрх Дорнодын дайнтай холбоотой хориг арга хэмжээний түр цуцлалтаас ашиг хүртэх Оросын боломжийг багасгаж болзошгүй юм.
Ираны дайны улмаас үүссэн газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд АНУ-ын засаг захиргаа Оросын газрын тосны хоригийг нэг сарын хугацаанд чөлөөлсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт дахин 30 хоногоор сунгасан. Өнгөрсөн сард Орос улсын газрын тосны орлого $19 тэрбумд хүрсэн нь үүнтэй холбоотой.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
