Туул усан сан 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна гэж мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах, дагуул хотуудын ус хангамж болон Туул голын урсцыг тохируулан зорилгоор “Туул усан сан цогцолбор” төслийг 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр төслийн суурь судалгааны ажлыг Энэтхэг улсын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дуусжээ.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5,569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байх аж.

Туул голын эхэнд усан сан ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах, Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болно гэж тооцоолжээ. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэх гэнэ.

Сүүлийн жилүүдэд Туул голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт ихсэж, хамгаалалтын байгууламжуудыг хэсэгчлэн барьснаар урсгалын коридор хумигдан, системийн доройтол тасралтгүй үргэлжилсээр байгаа тул “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна. 

Харин “Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл болно. Тодруулбал уг төслийн хүрээнд авто зам барихаас гадна Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээнэ. Мөн урсцын коридорыг тодорхой болгох, голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.