Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай танилцуулжээ
Туул гол дээгүүр баригдах 32 километр Jejm хурдны замын бүтээн байгуулалтын ажил энэ оны гуравдугаар сарын 15-нд эхэлж байв.
Гэвч бүтээн байгуулалтын ажлын үеэр Туул голын бургасыг сугалан байгаль орчноо сүйтгэж буйд иргэд шүүмжлэлтэй хандан төслийг эсэргүүцэж "Туул голоо хамгаалъя" хөдөлгөөнийг өнгөрсөн гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл өрнүүлж байна.
Харин төслийн захиалагч тал болох Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас(НЗДТГ) “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр болсон НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан байна. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ.
Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гэнэ. Тус хөдөлгөөнийг өрнүүлэх эсэхийг НИТХ-аас эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Сануулахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир энэ сарын 8-наас Туулын хурдны зам барих ажлыг зогоох шийдвэр гаргаж байсан бол 12 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд уг төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөөд байна. Ингэхдээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу тухайн бүтээн байгуулалтын ажлын явцын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн баталж өгчээ.
Үүний дараа буюу хурдны зам төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсний дараа хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтыг өнөө, маргаашгүй эхлүүлэхгүй. Олон нийтийн дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд оролцсон мэргэжлийн байгууллагууд, судлаач, эрдэмтэд олон нийтэд зөв мэдээлэл өгнө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт зохион байгуулна" гэжээ. Уг нь өндөр төсөвтэй, мега төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой атал "оройтсон бороо" болж таарлаа.
2.3 их наяд төгрөгөөр баригдах Туулын хурдны зам төслийн эргэн тойронд өнөөдрийн байдлаар дээрх үйл явдлууд өрнөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
