Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна.
Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой. Замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!