Ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэхээр болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хурал өчигдөр болж 20 гаруй асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолын төслийг өргөн барьж, танилцуулав.
Төсөлд Бямба гарагт 09:00-17:00, Ням гарагт 10:00-16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад заалаа үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ. Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Уг төслийг ирэх долоо хоногийн Даваа гарагт(2026.04.27) товлогдсон НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжжээ.
Үүнээс гадна Зөвлөлийн хуралдаанаар 2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах, нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх, нийслэлийн гадаад үнэт цаас гаргаж эргэн төлөлтөөс 400 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
НИТХ-ын зөвлөл нь төлөөлөгч А.Баяр, З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
