Улаанбаатар хотын авто замын салбарт хийгдэх шинэчлэлүүдийг өнөөдөр нэрлэлээ.
Тодруулбал Туул голын хойд эрэг дагуух зургаан эгнээ, 33 километр урттай хотын дундуурх хамгийн анхны хурдны замын зураг, төсөл батлагджээ. Арванхоёрдугаар сард нийслэлийн 2025 оны төсөвт санхүүжилтийг тусгахаар болсон байна. Харин тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлажээ.
Хотын хамгийн анхны хурдны зам нь Налайхын замын төгсгөлөөс Туул голын хойд эрэг дагуу үргэлжилж Дарханы хурдны замтай нийлнэ. Шинээр баригдах зам нь дундаа орц, гарцуудтай байх юм байна. Туулын хурдны замыг 2025 онд ашиглалтад оруулснаар төлбөртэй замын зарчимд шилжих аж.
Улсын төсөв болон бондуудаас ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэлд 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүх гүүрийг холбох, замын стандартыг сайжруулах, Туул гол дагуух 33 километр хурдны зам барих, хотын төвийг туннелиэр Хөшигийн хөндийтэй холбох, метро, LRT/тусгай замын автобус/ тээвэр, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн автобус худалдаж авах зэрэгт зарцуулна.
Улаанбаатарын нэг түвшний буюу одоогийн замуудыг шинэчлэх ажлыг 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд дуусаж, ойрын 10 жилд дахин шинэчлэхгүй. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөний зохицуулалт хийх зэрэг аргацаасан байдлаар замын түгжрэлийг шийдэхгүй.
Нийтийн тээврийн хэрэгсэл болох метро, LRT/хөнгөн галт тэрэг/, BRT/тусгай замын автобус/ тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Улаанбаатар хотын удирдлагууд болон Засгийн газрын тэргүүн өнөөдөр мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!