Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч “Акорда” өргөөндөө угтаж авав
Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний өмнөх талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа.
Ерөнхийлөгч К.Токаев Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академи төгссөн.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой, улс төрийн шинжлэх ухааны доктор. Орос, хятад, англи, франц хэлтэй.
1975 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн байна. Улсынхаа Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Сенатын даргаар ажиллаж байгаад 2019 онд төрийн тэргүүнээр сонгогдсон.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 онд болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч дахин сонгогджээ.
Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад орсон. “Цагаан ордон” гэсэн утгатай. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ажлын алба байрладаг.
7 давхар энэ өргөө “Гантиг танхим”, “Алтан танхим”, “Зууван танхим”, “Дорнын танхим”, “Зочдын танхим”, “Өргөтгөсөн хэлэлцээрийн танхим”, “Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим” зэрэг 12 өрөөтэй, номын сан, цэцэрлэгт хүрээлэнтэй.
Оройн цэнхэр өнгийн бөмбөлөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг бөгөөд Казахстаны Төрийн далбааны өнгөтэй ижил байдаг.
Эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болгож өргөөний орой дээр нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
