Өмнөд Солонгосын цагдаа хууль бус арилжаанд сэжиглэгдсэн HYBE компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргав
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага хувьцааны хууль бус арилжаанд сэжиглэгдсэн HYBE компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Бан Ши Хюкийг баривчлах хүсэлтийг өнөөдөр өглөө шүүхэд гаргажээ.
HYBE бол к-поп урлагийн менежмэнтийн томоохон компани бөгөөд BTS, SEVENTEEN, NewJeans зэрэг хамтлагуудыг төрүүлсэн юм.
Бан 2019 онд хөрөнгө оруулагчдыг хуурч, HYBE компанийн хувьцааг анхдагч зах зээлд (IPO) гаргахаасаа өмнө зарсны үр дүнд 200 тэрбум воны ($135.9 сая) хууль бус ашиг олсон хэрэгт шалгагдаж байгаа.
Өмнөд Солонгосын Хөрөнгийн Зах Зээлийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл тараах замаар таван тэрбум воноос дээш ашиг олсон гэм буруутай этгээдэд доод тал нь таван жил, дээд тал нь бүх насаар хорих ял оноодог.
Бан болон түүний өмгөөлөгчид HYBE компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргах үйл явц хууль дүрмийн дагуу явагдсан гэж мэдэгдэж байгаа.
Цагдаа нар энэ хэргийн талаар анхны мэдээллийг 2024 онд авсныхаа дараа Солонгосын Хөрөнгийн Бирж болон HYBE компанийн төв байранд нэгжлэг явуулж байжээ.
Бан одоо хилийн хоригоор шийтгүүлээд байгаа. Саяхан Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яам BTS хамтлагийн аялан тоглолтын хүрээнд түүний АНУ-д зорчихыг нь зөвшөөрөхийг хүссэн захидлыг цагдаагийн байгууллагад илгээж байв.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
