Я.Цэцэнзаяа: Албадан нүүлгэх нь хүний эрхийн хамгийн бүдүүлэг үйлдэл

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/2026” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг Новотел зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр Монголд тулгарч байгаа зарим асуудлын талаар Монголын Эмнести Интернэшнлийн Кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан нь улс орнуудад хийдэг хараат бус хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт юм. Өнгөрсөн онд 144 орны хүний эрхийн нөхцөл байдлыг бүс нутгаар нь шинжлээд тайландаа түлхүү хөндсөн. Үүнд Монгол Улс багтаж байгаа.

Манай улсад газар төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдөх асуудал байна. Өөрөөр хэлбэл өмчийн эрх зөрчигдөх, хүмүүс амьжиргаагаа алдах буцаад зөрчигдсөн эрхээ сэргээх үр дүнтэй механизм байхгүй асуудлыг хөндлөө.

2025 онд газар чөлөөлөхдөө хангалттай хугацаанд иргэдтэй зөвшилцөж, тэдэнд мэдээлэл өгч, гэрээ хийгээгүй. Зарим газар хашааг нь буулгаж, албадан нүүлгэж барилгын ажил эхлүүлсэн тохиолдол гарсан. Түүнчлэн гэрээ хийж, зөвшилцөөгүй байж амьдарч байгаа орон байрыг нураасан асуудал гарлаа.

Албадан нүүлгэлт бол олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүний эрхийн хамгийн бүдүүлэг үйлдэл.

Үүнийг Эдийг засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос хэзээ ч зөвшөөрдөггүй.

Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактад нэгдэн орж, соёрхон баталсан улсынхаа хувьд энэ пакт болон түүний хүрээнд гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой. Гэвч төр дахин төлөвлөлтийн явцад эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хангалттай хамгаалж чадсангүй" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Говийн бүсийн нөлөөлөлд өртөж буй малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал мөн хөндөгдөж байна. 

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор тоосжилт, ундны усны хомсдолд орох, уурхайн олборлолтод ашиглаж буй химийн хортой бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад тавих хөндлөнгийн хяналт дутмаг байгаагийн улмаас малчид эрүүл мэндээрээ хохирч байна.

Алс хэтдээ нүүдэлчин соёл ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх, соёлын эрхэд сөргөөр нөлөөлөх үйлдэл болж байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг малчдад танилцуулж, хэлэлцүүлж, санал авах процесс хэлбэр төдий явагдаж байна" гэв.