Г.Дамдинням: Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуул хийх боломжоор хангах, түүхий тос авах асуудлыг ярьсан
-Казахстан улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авсны дараа төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийсэн.
Үргэлжлүүлэн талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, газрын тосны салбарт хамтран ажиллах албан ёсны баримт бичиг гарын үсэг зурж байгаа юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид газрын тосны бүтээгдэхүүнээ хоёр хөршөөсөө 100 хувь хангаж явдаг. Ормузын хоолойн нөхцөл байдлаас ямар бэрхшээлтэй нөхцөлд буйгаа харж байна. Тавдугаар сар гэхэд дизель түлшний үнэ литр нь 6,700 төгрөгт хүрэх хэмжээний эрсдэлтэй байна.
Тиймээс төрөлжилтөө олон болгох, импортолж буй орнуудын тоог нэмэгдүүлэх, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бүрэн хангадаг болох хүртэл хагасыг нь гадаад улсаас нийлүүлэх чиглэлээр бусад орнуудтай ярилцаж байгаа. Үүний нэг нь Казахстан улс.
2008 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манайх нэг сая тонн газрын түүхий тос авъя гэдэг асуудал тавьсныг Казахстаны талаас зөвшөөрсөн. Хөршүүдтэйгээ ярилцаж байгаад энэ асуудлыг хэрхэн ажил хэрэг болгох талаар ярилцана.
Энэ хүрээнд Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуул хийх боломжоор хангах, түүхий тос авах тухай асуудал яригдаж байна.
Энэ улс өөрийн олборлож буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг экспортолдог. Түүхий эд нэрэх гурван том хэмжээний үйлдвэртэй. Дотооддоо дутагдалтай байгаа учраас дөрөв дэх үйлдвэрээ барьж байгаа бөгөөд 2028 оны төгсгөлд дуусгаад манайд бүтээгдэхүүн илүүчлэх боломжтой гэдэг зүйлийг ярьсан. Хамгийн багадаа нэг сая тонн түүхий эд авахаар ярьсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
