Есүсийн хөшөөг эвдэн сүйтгэсэн хоёр цэргээ Израиль улсын арми шийтгэжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ливаны нэг тосгонд Израилийн армийн алба хаагч Есүс Христийн хөшөөг лантуугаар эвдэн сүйтгэж байгааг харуулсан гэрэл зураг энэ долоо хоногт онлайн орчинд тарсан нь нэлээд дуулиан дэгдээгээд байгаа.

Тэгвэл Израилийн батлан хамгаалах яам хөшөөг эвдэн сүйтгэсэн болон энэ үйлдлийн зургийг авсан хоёр цэрэгт 30 хоног хорих сахилгын шийтгэл оноосноо Мягмар гарагт зарлажээ.

Мөн уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хоёр цэргийг “байлдааны үүргээс чөлөөлөх” тухай мэдэгдсэн байна.

Хэргийн газарт байсан ч хөндлөнгөөс оролцоогүй, хэргийг нуун дарагдуулсан өөр зургаан цэргийн асуудлыг тусад нь авч үзэхээ бас мэдэгджээ.

Ливаны өмнөд бүсийн Дебел тосгонд болсон энэ хэрэг загалмайн шашинтнуудыг хилэгнүүлж, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг харамсал илэрхийлэхэд хүргэсэн юм.

Мягмар гарагт Израилийн батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд цэргүүд нь “тус улсын зэвсэгт хүчний дэг журам, үнэт зүйлсээс хазайсан” болохыг хүлээн зөвшөөрч, болсон явдалд “гүн харамсал” илэрхийлсэн байна.

Бас цэргүүд нь саяхан орон нутгийн иргэдтэй хамтран эвдэрсэн хөшөөг сэргээн засварласныг мэдээлжээ.

Ливанд явуулж буй байлдааны ажиллагаа нь энгийн иргэдийн эсрэг чиглээгүй, зөвхөн Ираны холбоотон Хезболла зэвсэгт бүлэглэлийн эсрэг болохыг мэдэгдэлдээ онцолсон байна.

Орон нутгийн иргэдийн мэдээлснээр уг хөшөө Дебел тосгоны захад оршдог нэг айлын гэрийн гадаа загалмай дээр байрладаг байжээ.

Дебел бол Хезболлагийн эсрэг Израилийн байлдааны ажиллагааны турш оршин суугчид нь дүрвээгүй үлдсэн цөөхөн тосгодын нэг юм.

Дебелийн сүмийн тэргүүн лам Фади Флайфел уг хэргийн дараа хэвлэлд ярихдаа “Бид манай шашны ариун бэлгэдэл болсон зүйлсийг гутаан доромжлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол хүний эрхийн тунхаглалд харш бөгөөд иргэншсэн нийгмийн эсрэг үйлдэл юм” гэж хэлж байв.

Цэргүүдийн үйлдлийг буруушаагсдын дотор Израилийн гол холбоотон АНУ-ын элчин сайд Майк Хакаби байсан юм.

Даваа гарагт тэрбээр болсон жигшүүрт явдлын мөрөөр шуурхай, хатуу арга хэмжээ авахыг Израилийн эрх баригчдад уриалж байв.

Дараа нь Израилийн ерөнхий сайд Нетаньяху “Ливан болон дэлхий дахины сүсэгтнүүдэд учруулсан хохирлын төлөө” харамсал илэрхийлсэн юм.

АНУ-ын зуучлалаар Баасан гарагаас Израил, Ливаны хооронд зургаан долоо хоног үргэлжилсэн дайны галыг зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсэн.

Гэсэн хэдий ч Ливаны өмнөд нутагт Израилийн мянга мянган цэрэг байрлаж, талууд харилцан нэгнээ тохиролцоог зөрчсөнд буруутгасаар байна.

Хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг АНУ, Израилийн байлдааны ажиллагаа эхэлснээс хойш хоёр хоногийн дараа Хезболла бүлэглэл Израилийн нутаг руу пуужин харваж эхэлсэн юм.

Улмаар гуравдугаар сарын 2-ны өдөр Израиль улс хөршийнхөө нутагт байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэж, 2,290 гаруй хүн алагдсаны дотор 177 хүүхэд, 100 эрүүл мэндийн ажилтан байсныг Ливаны эрх баригчид мэдээлж байна.

Ижил хугацаанд Израилийн талд 13 цэрэг, хоёр энгийн иргэн Хезболлагийн цохилтод амиа алджээ.

 

Эх сурвалж: BBC