130 дахь удаагийн Бостоны марафонд өнгөрсөн жилийн аваргууд дахин түрүүлэв
Олон Улсын марафон гүйлтийн томоохон уралдааны нэгд тооцогддог Бостоны Марафоны орон нутгийн цагаар Даваа гарагт өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн элит ангилалд Кенийн гүйгч Жон Корир 2:01:52 цагийн амжилтаар бусдыгаа манлайлснаар хоёр дахь удаагаа тус уралдаанд түрүүлэв. Сонирхуулахад түүний төрсөн ах Уэсли Корир 2012 оны Бостоны марафонд түрүүлж байсан удаатай.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд түүний нутаг нэгт Шэрон Локеди 2:18:51 цагийн амжилтаар өнгөрсөн жилийнхээ амжилтыг давтаж, хоёр дахиа аваргаллаа.
Өнөө жилийн Бостон марафон уралдааны нийт шагналын сан $1,284,500. Үүнээс элит ангилалд түрүүлсэн тамирчид $150,000, дэд байранд орсон гүйгчид $75,000, хүрэл медалийг $40,000 байлжээ.
Энэ удаагийн Бостоны марафоны элит ангилалд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдсан. Тэрбээр 2:16:41 цагаар замаа дуусгаснаар 29,345 гүйгчдээс 54 дугаар байр эзэллээ. Нийт гүйгчдээс 16,470 нь эрэгтэйчүүд байсан бөгөөд 2,215 нь 40-44 насныхан байв. Ирэх аравдугаар сард 45 нас хүрэх манай тамирчин насны ангилалдаа гуравдугаарт бичигдсэн юм.
Бостоны марафонд алдарт сансрын нисгэгч Сүни Уильямс, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси Клинтон, алдарт хоккейчин Здено Чара зэрэг олны танил эрхмүүд оролцов.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
