Канад улстай хамтарсан "Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт" төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Стивен Дауст Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон холбогдох албаны төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Канад Улс хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийн тухай, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцсон байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасны дагуу 2021-2030 онд “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газраас шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын хууль тогтоомжийн шинэчлэл, хараат бус бие даасан байдалд анхаарч байгааг хэллээ.
Канад Улсын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэг газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийг 2025-2030 оны хооронд хэрэгжүүлнэ.
Канад Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Монгол Улсын Засгийн газраас Шүүхийн эрх мэдлийн байгууллагуудын хараат бус бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход идэвхтэй ажиллаж байгааг цохон тэмдэглэв.
Мөн өмнө нь Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжиж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болж, бодит үр дүнд хүрснийг онцоллоо.
Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ирснийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




