А.Ууганбаяр: Олон улсын хөтөлбөртэй байна гэдэг өөрөө сургалтын чанарын баталгаа биш
Сүүлийн жилүүдэд Монголд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн тоо нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ сургалтын чанарыг юугаар хэмжих ёстой вэ, хиймэл оюуныг боловсролд хэрхэн зөв ашиглах вэ гэсэн шинэ асуултууд урган гарч ирж байна. AI хүүхдийн суралцах чадварыг дэмжих үү, эсвэл бэлэн хариултад хэт найдаж бэлэнчлэх, бие даан сэтгэх чадварт нь сөргөөр нөлөөлөх үү гэсэн байр суурь ч цөөнгүй.
Тэгвэл ирээдүйн сургууль хүүхдийг зөвхөн шалгалтад бэлтгэхээс гадна өөрөө суралцах, зөв сонголт хийх, хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицох чадварт хэрхэн бэлтгэх ёстой вэ?
Эдгээр асуудлын талаар Олула ТомЁ сургуулийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй А.Ууганбаяртай ярилцлаа.
- Эцэг эхчүүд сургалтын чанарыг юугаар хэмжиж, юунд анхаарах ёстой гэж та боддог вэ?
- Сургууль бүр сайн хөтөлбөр, сайн багш, өндөр амжилтын талаар ярьдаг. Гэхдээ хамгийн чухал нь тухайн сурагч бодитоор хэр ахиж байна вэ, ирээдүйдээ итгэлтэй, зөв хандлагатай, өөрийн сонирхол, давуу талаа таньж, ирээдүйн “би”-гээ ойлгож эхэлж байна уу гэдэг байх ёстой.
Сургуулийн амжилтыг цөөн тооны шилдэг сурагчдын олимпиадын амжилт, ЭЕШ-ын өндөр оноогоор хэмжих нь учир дутагдалтай. Нэг хүүхэд 95-аас 98 болж ахих нь амжилт. Харин 55-аас 65 болж ахисан хүүхдийн ахиц ч мөн адил үнэ цэнтэй.
Тиймээс эцэг эхчүүд “Манай хүүхдийн ахиц дэвшлийг нь хэрхэн хэмжих вэ? Хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд хэрхэн хүрч ажиллах вэ?” гэдгийг асууж байх хэрэгтэй.
Мөн чанар зөвхөн академик үзүүлэлт биш. Хүүхэд сургуульдаа дуртай явж байна уу, багштайгаа нээлттэй харилцаж байна уу, ямар хэсэгт дэмжлэг хэрэгтэйгээ ойлгож байна уу, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа бага багаар олж авч байна уу гэдэг нь мөн чухал.
Тиймээс сургалтын чанарыг академик ахиц, хандлага төлөвшил, сурагчийн сайн сайхан байдал, ирээдүйн бэлтгэлийг хамтатгасан ойлголтоор хэмжих хэрэгтэй гэж боддог.
- Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь өөрөө сургалтын чанарын баталгаа болж чадах уу?
- Үгүй. Олон улсын хөтөлбөртэй байна гэдэг нь өөрөө чанарын баталгаа болохгүй. Өнөөдөр Монгол Улсад Cambridge, IB, AP, Oxford зэрэг олон улсын хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлог, давуу талуудтай. Өнөөдрийн байдлаар Кембрижийн хөтөлбөрийг төрийн болон төрийн өмчийн бус нийт 41, Оксфордын хөтөлбөрийг Олула ТомЁ сургууль ганцаараа албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна.
Би өөрөө ч Кембрижийн хөтөлбөрийг Монгол Улсад анх хэрэгжүүлсэн ОУ-ын сургуульд 11 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хөтөлбөрөөс гадна багшийн хөгжил, тогтвортой байдал, хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, эцэг эхийн оролцоо зэрэг сургалтын чанарт шууд бусаар нөлөөлдөг олон хүчин зүйлийн ач холбогдлыг гүн гүнзгий ойлгож, практикт нэвтрүүлж байлаа.
Хамгийн чухал нь юу вэ гэхээр аль ч сайн хөтөлбөрийг сургууль дээр амьдруулдаг хүн нь багш нар. Тиймээс хүний нөөц рүүгээ чиглэсэн бодлогыг хамтад нь авч үзэхгүй бол олон улсын хөтөлбөр нэр төдий л үлдэнэ.
Мөн тухайн хөтөлбөр Монгол хүүхдийн онцлог, өв уламжлал, түүх соёлтой хэрхэн уялдаж байна вэ гэдэг чухал. Бид хүүхдээ олон улсын иргэн болгоно гээд үндэснийх нь онцлогийг орхигдуулах ёсгүй. Үндэсний үнэт зүйлээ мэддэг мөртөө дэлхийн хаана ч суралцаж, ажиллаж чадах чадвартай, өв тэгш иргэдийг төлөвшүүлэх нь гол зорилго юм.
- Сургалтын чанарыг тогтвортой болгохын тулд ямар систем хэрэгтэй вэ?
- Сайн сургуулийг ганц сайн захирал эсвэл цөөн сайн багшаас хамааралтай байлгаж болохгүй. Хүн өвдөж болно шүү дээ. Гэхдээ чанар нь хэвээр хадгалагддаг тогтолцоо хэрэгтэй. Энэ утгаараа боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо маш чухал.
ISO 21001-ийн гол ач холбогдол нь сургуулийн зорилго зорилт, эрх үүрэг, эрсдэл, санал хүсэлт, тасралтгүй сайжруулалт зэргийг системтэй болгоход оршдог. Захирлаасаа эхлээд алба нэгж, багш бүр хэмжигдэхүйц, бүгд нэг тийш харж, нэгдсэн зорилготой ажиллаж, сурагчдын гарааны түвшин, явцын ахиц, эцсийн үр дүнг харьцуулж сайжруулдаг байх ёстой.
Багш, сурагч, эцэг эхийн санал хүсэлтийг тэмдэглэж аваад орхих биш, эргэн харж тасралтгүй сайжруулдаг, тайлагнадаг эргэх холбоог бий болгосноор чанар гэдэг байгууллагын өдөр тутмын соёл болдог.
- Сүүлийн үед хиймэл оюун их яригдах боллоо. Боловсролыг яаж өөрчлөх бол? Сургууль юунаас болгоомжлох ёстой вэ?
- AI нийгмийг маш хурдтай өөрчилж байна. Бид сурагчдын AI хэрэглээг хязгаарлахаас илүүтэй зөв ашиглаж сургахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. AI багшийг орлох бус, багшийн бүтээмжийг нэмэгдүүлэх маш сайн хэрэгсэл болно. Хичээл төлөвлөх, ялгаатай түвшний даалгавар боловсруулах, сурагчийн ахицад дүн шинжилгээ хийхэд ашиглаж болно. Сурагчдын хувьд AI нь хувь хүний суралцах хурд, онцлогт тохирсон сайн туслах.
Гэхдээ эрсдэл бий. Хүүхэд бүх зүйлээ AI-аас асууж, даалгавраа хийлгэж болох ч хиймэл оюуны өгч буй мэдээлэл бүр үнэн биш. Тиймээс ойрын ирээдүйн чухал чадваруудад AI-аас асуултаа зөв асуух, аливаа зүйлийг системтэй алхамчилж сурах, эх сурвалжийг нягтлах, мэдээллийг харьцуулан дүгнэлт гаргах явдал юм. Хиймэл оюуны ёс зүйтэй хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдал сургуулийн бодлогын нэг хэсэг байх шаардлагатай.
- Академик мэдлэгээс гадна Монгол хүүхдүүдэд ирээдүйд хамгийн хэрэгтэй чадвар юу гэж та боддог вэ?
- Миний хувьд хүүхэд “юу мэддэг вэ?” гэхээс илүүтэй “би хэн бэ, хаашаа явж байна вэ, ирээдүйд хэн болох вэ?” гэдгээ ойлгох нь чухал. Өнөөдөр маш олон сурагч төгсөх ангидаа ороод гэнэт ямар мэргэжил сонгохоо бодож эхэлдэг нь том эрсдэл. Эсвэл ойр дотнын хүмүүсийнхээ ятгалгаар хүсээгүй мэргэжлээ сонгох тохиолдол байсаар байна.
Би сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажил горилогчдын олон зуун CV-тэй танилцаж, ажлын байрны ярилцлага хийхдээ өөрийн сонирхол, давуу талаа ойлгож мэргэжлээ сонгосон хүмүүс ажилдаа илүү итгэлтэй, зорилготой хандах тохиолдол дийлэнх нь байгааг ажигласан. Харин мэргэжлийн сонголтоо өөрийн хүсэл сонирхлоос илүү бусдын хүлээлтэд нийцүүлж хийсэн хүмүүс ажлаасаа шантрах, чиглэлээ өөрчлөх тохиолдол ч цөөнгүй байсан.
Иймээс мэргэжлийн чиг баримжааг ахлах анги бус дунд ангиас эхлүүлбэл илүү үр дүнтэй. Сурагч өөрийн сонирхол, давуу тал, суралцах хэв маягаа бага багаар ойлгож, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх ёстой.
Мэргэжлийн чиг баримжаа нь зөвхөн мэргэжил сонголтоор дуусахгүй. Өөрийгөө танин мэдэхийн зэрэгцээ бусдыг ойлгох, багаар ажиллах, хариуцлага хүлээх, алдаанаасаа суралцах зэрэг зөөлөн ур чадваруудыг хамтад нь хөгжүүлэх ёстой.
Тэгэхээр бид зөвхөн “юм мэддэг хүүхэд” гэхээс илүүтэй, “хэн болохоо мэддэг, хаашаа явахаа ойлгодог хүүхэд” буюу би биш бид гэсэн бодолтой сурагчид төлөвшүүлэх шаардлагатай гэж боддог.
- Та сая боловсролын салбарын асуудлууд болон чанарын системийн талаар дурдлаа. Тэгвэл эдгээр бодлого, зарчмуудыг Олула ТомЁ сургууль дээр бодит хөрсөн дээр нь хэрхэн буулгаж, шийдэл болгон хэрэгжүүлж байна вэ?
- Сургуулийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан, Ц.Хөгжилмаа нарын алсын хараа, боловсролын талаар баримталж буй зарчим миний хувь хүнийхээ хувьд олон жил баримталж ирсэн зарчимтай бүрэн нийцсэн. Бид 2026-2027 оны хичээлийн жилд дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх гурван үндсэн чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Бид ISO 21001:2025 шинэчлэгдсэн стандартыг Олон Улсад нэр хүнд бүхий SGS хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэхээр бэлтгэлээ хангаж байна. Энэ нь сургуулийг өөрөө хөгжиж, тасралтгүй сайжирч байдаг тогтолцоонд оруулна гэсэн үг.
Манай сургууль Oxford International Curriculum (OIC)-ийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны сургууль болсон. Оксфордын хөтөлбөрийг зөвхөн сурах бичиг хэрэглэх бус, багшийн арга зүй, үнэлгээ зэргийг цөм хөтөлбөртэйгөө уяж, хүүхдийг хос хөтөлбөр болон тэдгээрийн онцлогоор хөгжүүлэхэд илүү анхаарч байна.
AI-ийг бид багшийг орлох бус, багшийн бүтээмж, сурагчийн ялгаатай хэрэгцээ, ахицын шинжилгээ, мэргэжлийн чиг баримжааг дэмжих хэрэгсэл болгон хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн.
Мэдээж энэ бүх шийдлийн төвд сурагч өөрөө байх ёстой.
- Нийт академик чанарыг зөвхөн шилдэг сурагчдаар хэмжихгүй гэж та хэлсэн. Тэгвэл сургуулийн бодит ахиц ба академик амжилтыг хэрхэн тэнцвэржүүлж байна вэ?
- Олула ТомЁ сургууль өнөөдрийг хүртэл гурван удаагийн төгсөлт хийсэн. Бидэнд олимпиад, олон улсын уралдаан тэмцээн, IELTS, SAT, ЭЕШ болон их сургуулийн тэтгэлгийн чиглэлээр амжилт гаргасан олон сурагчид бий. Тухайлбал зөвхөн энэ жилд л гэхэд IELTS, SAT шалгалтаа ЭЕШ-ын Математик, Англи хэлээр дүйцүүлээд 800 оноо авсан 10 сурагч байна.
Гэхдээ өмнө хэлсэнчлэн сургуулийн нийт академик чанарыг зөвхөн хамгийн өндөр оноотой сурагчдаар хэмжихгүй.
Сурагч бүрд ахиц гаргах боломж бүрдүүлж, одоо байгаа түвшнээс нь дараагийн түвшинд хүргэхийг зорино.
Мэдээж үүнд эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал.
Сургуулийн зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлсэн ч эцэг эхчүүдтэйгээ ойлголцож, нэг чиглэлд ажиллахгүй бол үр дүн саарна.
Тиймээс чанартай, хүртээмжтэй боловсрол бол сургууль, сурагч, эцэг эх гэсэн гурван талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн гэж байдаг.
- Сургууль сонгож байгаа эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө?
- Эцэг эхчүүд нэг үеэ бодвол гоё сайхан барилга байгууламж, ОУ-ын хөтөлбөр гэдэг нэр томьёо, гоё сайхан үгэнд автах нь багассан. Өөрсдөө маш нарийн судалгаа хийж харьцуулдаг, хэрсүү болсон. Нөгөө талдаа ОУ-ын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж байгаа эсэх эсвэл ISO сертификат нь эрх бүхий байгууллагаар аудитад орсон эсэхийг магадлан итгэмжилж буй байгууллагынх нь албан ёсны эх сурвалжаас нь нээлттэй үзэх боломжууд нээлттэй болсон. Тиймээс дараах энгийн хэдэн зүйлийг нэмэлтээр анзаарвал зүгээр байх гэсэн бодол төрлөө.
- Багшаа хэрхэн хөгжүүлдэг, хүний нөөцийн бодлогодоо хэрхэн анхаардаг вэ?
- Хүүхдэд ирээдүйн чиглэл, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр хэддүгээр ангиас эхэлдэг вэ?
- Өдрийн хоол, спорт заал, бүжиг, хөгжмийн танхим, орон тооны сэтгэлзүйч зэрэг хүүхдийн өдөр тутмын хөгжил, wellbeing-ийг дэмжих орчин хэр бүрдсэн бэ?
Ялангуяа эхний асуулт хамгийн чухал. Албан ёсны ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлдэг, эсвэл ISO стандарт нэвтрүүлсэн сургуулиудад хүний нөөцийн бодлого, багшийн мэргэжлийн хөгжил, шат дараатай чадавхжуулах арга хэмжээний төлөвлөлт нь сургалтын чанарын салшгүй хэсэг байдаг.
Харин гурав дахь асуулт энгийн мэт боловч хүүхдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой. Насны онцлогт тохирсон шим тэжээл, илчлэг бүхий хоол, хөдөлгөөн хийх боломж, урлаг хөгжмийн орчин, сэтгэлзүйн дэмжлэг зэрэг нь сурагчийн оюуны бүтээмж, бие махбодын өсөлт хөгжил, сэтгэлзүйн сайн сайхан байдал болон гоо зүйн мэдрэмжийг цогцоор нь дэмжихэд тустай.
Тухайлбал, Улаанбаатарын замын түгжрэлээс шалтгаалан зарим сурагч өглөөний цайгаа ууж амжихгүй сургуульдаа ирэх тохиолдол цөөнгүй. Өглөөний цайгаа уугаагүй хүүхэд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй шүү дээ. Тиймээс манай сургууль өглөө бүр халуун зутан шөлөөр үйлчилдэг. Сурагчид маань зутан шөлөө уучхаад эрч хүчээр дүүрэн өглөөг эхлүүлдэг.
Сургалтын чанар гэдэг ганц ОУ-ын эсвэл сайн хөтөлбөрөөс гадна үүнийг шууд бусаар дэмжиж байдаг олон жижиг үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
Олула ТомЁ сургуулийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй А.Ууганбаярын ажлын туршлага:
- 2009-2011 - Хөгжүүлэгч, SK Brodband ХХК, БНСУ
- 2010-2011 - Ахлах хөгжүүлэгч, Тада ХХК, БНСУ
- 2011-2013 - Мэргэжилтэн, Албаны дарга, Дэд захирал, МТҮП
- 2013-2024 - Багш, Сургалтын албаны менежер, Гүйцэтгэх захирал, Орчлон ОУ-ын сургууль
- 2024-2026 - Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Дуран Эй Ай ХХК
- 2025-2026.08 - ISO Зөвлөх, Олула ТомЁ сургууль
- 2026.08 - Гүйцэтгэх захирал, Олула ТомЁ сургууль.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
