Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгаас олдсон хотын туурь Монголын анхны сүм хийдүүдийн нэг болохыг тогтоожээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байна.

Хамтарсан судалгааны анги 2026 оны хээрийн судалгааг Олон сүмийн туурьд наймдугаар сарын 12-ноос 23-ныг дуустал 12 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм.

Монгол Улсын талаас 2025 онд доктор асан Л.Эрдэнэболд, 2026 оноос Академич С.Чулуун, Япон улсын талаас профессор Такаши Мацүкава нарын удирдаж археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны баг ажиллаж “Монголын бурханы шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүллээ.  

Уг судалгааны үр дүнгийн тайлангийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийв. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн байна. Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болж байна.
Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрсэн байна. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI дугаар зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таарч байгаа юм байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Эдгээр үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагч нар анхны сэргээлтийг хийсэн бөгөөд эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургаал нь Лу.Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид одоогоор тогтоогоод байна.

Цаашид нарийвчлан судлаж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийж онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа аж. Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой гэж судлаачид үзэж буй.