З.Мэндсайхан: Эхний гурван жилд 6%, үргэлжлэх долоон жилд нь 12% хүүтэй байх ипотекийн зээлийн шинэ багц гаргана
Дундаж орлоготой иргэдийн орон сууцтай болох гол боломж нь ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр байдаг.
Хэдийгээр эрэлт ихтэй боловч уг хөнгөлөлттэй зээлийн олдоц тааруугаас хэдэн арван сарын хүлээгдэл үүсээд байгаа юм. Тэгвэл уг хөтөлбөрт шинэ багц гаргахаар төлөвлөснийг Сангийн сайд өнөөдөр болж буй өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх хурлын үеэр танилцуулав.
Сангийн сайд З.Мэндсайхан "Арилжааны банкуудад давхардсан тоогоор 45,000 орчим иргэнээс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авах хүсэлт ирсэн. Монголбанк, Сангийн Яам хамтраад ипотекийн зээлийн шинэ багц гаргах гэж байна. Тодруулбал эхний гурван жилд 6 хувийн хүүтэй, дараагийн үргэлжлэх долоон жилд нь 12 хувийн хүүтэй байх ипотекийн зээлийн багцыг гаргана.
Ипотекийн хөтөлбөр нь дотроо урьдчилгаа төлбөрийг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголттой байдлаар гарна.
Засгийн газар төсөвтөө үүнийг аваад явж байгаа. Нийтдээ 500 орчим сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс босгож, ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас свопын зардлыг нь авч явъя гэж төсөвлөж оруулж ирсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
