Есөн сар далайд байрлаж буй АНУ-ын байлдааны хөлөг дээрх цэргүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгарч эхэлжээ
Ираны эсрэг дайнтай холбоотойгоор АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln хөлөг далайд байрласан хугацааны дээд амжилтаа тогтоогоод байна.
Үүний улмаас тус хөлөг дээр байрлаж буй 5,000 цэргийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой аюул тулгарч, ар гэрийнхэн нь болон Конгрессын гишүүд санаа зовнилоо илэрхийлж эхэлжээ.
Тус хөлөг далайд ес дэх сараа өнгөрөөж байгаа бөгөөд энэ нь нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн орчин үеийн түүхэнд 250 хоног дараалан газардаагүй дээд амжилт болж байгаа юм.
Үүний улмаас хөлөг дээрх нөхцөл байдал муудаж, сэтгэл зүйн дарамт дээд цэгтээ хүрсэн тул далайчид тавцангаас үсрэхийг оролдсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг тэнгисийн хүчний гол хоёр сонин болох “Navy Times”, “Stars and Stripes” мэдээлсэн байна.
Тэдний мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сан Диего хотод усан цэргүүдийн ар гэрийнхэн тэнгисийн хүчний удирдлагуудтай уулзахад энэ асуудал хурцаар хөндөгджээ.
Тэнд 200 орчим цэргийн ар гэрийнхэн цугларч, хайртай дотнын хүмүүсийнхээ ирээдүйд санаа зовж байгааг илэрхийлсэн байна.
Тухайлбал далайчид амиа хорлохыг завдсан тохиолдлууд болон тэдгээрийг таслан зогсоох арга хэмжээ авсан талаар ар гэрийн зарим төлөөлөл ярьсныг “Navy Times” мэдээлжээ.
Ардчилсан Намаас сонгогдсон Калифорни мужийн Конгрессын гишүүн Майк Левин хөлөг дээрх нөхцөл байдлыг сошиал хуудсандаа тодорхойлон бичихдээ “хөгцөрсөн шүршүүр, эвдэрсэн жорлон, халуун усны тасалдал, хагас аяга хоол, шүдний оо, савангийн хомсдол” зэрэг үгсээр илэрхийлсэн байна.
Афганистан, Иракт алба хааж байсан, Ардчилсан Намаас сонгогдсон Колорадо мужийн Конгрессын гишүүн Жэсон Кроу бас хөлөг дээрх нөхцөл байдал долоо хоног бүр улам дордож байгааг анхааруулжээ.
USS Abraham Lincoln хөлөг арваннэгдүгээр сарын 21-нд Сан Диегогоос хөдлөхдөө Номхон далайд үүрэг гүйцэтгэх даалгавартай байсан юм.
Гэвч Ираны эсрэг дайн эхэлсэнтэй холбоотойгоор Ойрх Дорнодод шилжин байрлажээ.
Тэр үеэс хойш тус хөлгийн 5,000 далайчин арванхоёрдугаар сард Гуамд, долдугаар сард Оманд хоёрхон өдөр хуурай газарт хөл тавьсан юм.
Ойрх Дорнодод үүрэг гүйцэтгэх хугацаа анх тавдугаар сард дуусах нөхцөлтэй байжээ. Гэвч дайн сунжирсантай холбоотойгоор хоёр удаа сунгагдсан байна.
Дөрөвдүгээр сард хөлөг дээрх нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургууд ил болж, хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Тухайн үед Пентагоны тэргүүн Пит Хэгсэт үүнийг “хуурамч мэдээлэл” хэмээн няцааж байжээ. Конгрессын гишүүн Левин энэ долоо хоногт түүний энэ байр суурийн талаар “Эдгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс эх орондоо үйлчлэхээр бүртгүүлсэн. Эх орон нь тэднийг ядаж халуун ус, ажилладаг жорлон, бүтэн хоолоор хангах үүрэгтэй. Үүнийг шийдвэрлэж чадаагүй Хэгсэт тэдний гэр бүлийнхний нүд рүү харж байгаад худалч гэж хэлэх зүрх зоригтой байгаа нь ичмээр” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
