Трампын нууцаар орхисон нисэх онгоцонд АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд үлдсэн нь асуудал дагуулж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сард НАТО-гийн дээд хэмжээний чуулганд оролцоод Анкарагаас буцахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нууцаар онгоцоо сольсон тухай мэдээлэл саяхан ил болсон.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн Air Force One онгоцны хаалгаар орсон ч хүнсний чингэлэгтэй автомашинд нуугдан өөр жижиг онгоцонд шилжин сууж, Их Британи хүртэл ниссэн байна.

Энэ нь Ираны төлөөний этгээдүүд Трампын амь насанд халдахыг завдаж болзошгүй гэсэн үндэслэлээр авсан арга хэмжээ байжээ.

Гэтэл аюулд өртсөн Air Force One нисэх онгоцонд төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, сангийн сайд Скотт Бессент нар хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамт үлдэж, Их Британи хүртэл ниссэн нь тодорхой болсон байна.

Рубио, Бессент нар нь ерөнхийлөгчид ямар нэг зүйл тохиолдож, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд орлох ёстой хүмүүсийн жагсаалтад байдаг албан тушаалтнууд юм.

АНУ-ын ерөнхийлөгч нас барах болон ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болоход орлох албан тушаалтнуудын жагсаалт дэд ерөнхийлөгч, Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер, Сенатын танхимын спикер, төрийн нарийн бичгийн дарга, сангийн сайд гэсэн дараалалтай байдаг.

Харин Трампын хөлөглөсөн хоёр дахь онгоцонд Пентагоны тэргүүн Пит Хэгсэт хамт зорчсон нь тодорхой болжээ.

Трампыг бас түүний ерөнхий туслах Натали Харп, Цагаан ордны тамгын газрын орлогч дарга Дэн Скавино, Зууван танхимын үйл ажиллагаа хариуцсан захирал Уолт Наута нар дагалдсаныг АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Рубио, Бессент нарыг эхний онгоцонд үлдээсэн нь аюулгүй байдлын протоколыг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа гэнэ.

Алан хядагчдыг хуурахын тулд онгоц солих шийдвэрийг АНУ-ын цэргийнхэн болон нууц албаныхан гаргасныг Трамп өчигдөр орой мэдээлжээ.

АНУ-ын зарим хэвлэлүүд Трампын амь насанд заналхийлсэн хүчин зүйл нь мөрөн дээрээс пуужин харвадаг зэвсэгтэй холбоотой байсан гэнэ.

Мөн Ираны тал Трампын буусан зочид буудал зэрэг байрлалын мэдээллийг олж аваад байсан гэнэ.

Нью-Йорк Таймс сонинд нэрээ нууцалсан албан тушаалтан ярихдаа НАТО-гийн чуулган болсон байрны ойролцоо газар-агаар ангиллын зөөврийн пуужин харвагч барьсан хүн илэрснийг баталжээ.

АНУ-ын нууц албаныхан ерөнхийлөгчийн зорчиж буй тээврийн хэрэгслийг нуух “shell games” хэмээх аргыг өргөн хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий.

Тухайлбал ерөнхийлөгчийн хуяглагдсан лимузиний өөр хуулбарыг цуваанд оруулж, байрлалыг нь солих, ижил нисдэг тэргийг агаарт солих зэргээр үүнийг хэрэгжүүлдэг байна.

2000 оны гуравдугаар сард Пакистан улсад ерөнхийлөгч Билл Клинтоныг айлчлахад нийслэл Исламабад хотын онгоцны буудалд зорчигчгүй Air Force One онгоц түрүүлж газардсаны дараа ерөнхийлөгчийг тээвэрлэсэн өөр онгоц газардаж байжээ.

Гэхдээ тухайн үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүртэл Клинтоны хоёр дахь онгоцоор тээвэрлэж, ийм ажиллагаа явагдах гэж байгааг урьдчилан мэдээлж байсан гэдэг.

Харин сүүлийн тохиолдолд яагаад “золиосны” онгоцонд Рубио, Бессент нар болон хэвлэлийнхнийг үлдээсэн нь тодорхойгүй байна.

Цагаан Ордны Сэтгүүлчдийн Холбоо одоогоор энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Гэхдээ тус холбооны ерөнхийлөгч Жаки Хайнрих энэ асуудлаар Трампын засаг захиргааныхантай уулзсанаа мэдээлжээ.

Энэ үеэр тэр цаашдын Цагаан ордны аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбоотой зохицуулалтуудын үеэр хамтран ажиллахыг албан тушаалтнуудаас хүссэн гэнэ.

 

Эх сурвалж: BBC