Хятадын эдийн засгийн шинэчлэгчдийн нэг Жу Рунжи 97 насандаа таалал төгсжээ
Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн үндэс суурийг тавьсан хүн гэгддэг ерөнхий сайд асан Жу Рунжи 97 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр 1998-2003 онуудад Хятадын төрийн хоёр дахь өндөр албан тушаалыг хашихдаа тус улсыг Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлж, үйлдвэрүүдийг олон улсын зах зээлд нээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Жу Рунжи бас орон нутгийн татварын эрх мэдлийг төв засгийн газарт шилжүүлэх, дампуурсан төрийн өмчит компаниудыг хувьчлах, орон сууц өмчлөлийг дэмжих зэрэг эдийн засгийн шинэчлэлийн бодлогын тэргүүлэгчдийн нэг байжээ.
Хятадад олон хүн түүнийг өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс айдаггүй, прагматик удирдагч байсан гэж дурсдаг.
Түүний удирдлага дор Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж, авлига буурч, аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болох замдаа орсон гэдэг юм.
Гэхдээ түүний шинэчлэлийн таван жилийн хугацаанд 30 сая хүн ажилгүй болж, нийгэмд тэгш бус байдал өссөн гэх шүүмж бас дагалддаг.
Хятадын төрийн төв хэвлэлүүд Жу Рунжигийн амьдралыг “хувьсгал, тэмцэл, гялалзсан амжилт” хэмээн тодорхойлж байна.
Тэрбээр 1928 онд Хунань мужид төрсөн бөгөөд төрийн албанд орохоосоо өмнө цахилгааны инженерийн мэргэжил эзэмшиж байжээ.
Жу Рунжи 1949 онд Коммунист Намд элссэн боловч эхлээд Мао Зэдуний эдийн засгийн бодлогыг “оновчгүй” гэж шүүмжилснийхээ төлөө, дараа нь Соёлын Хувьсгалын үеэр хоёр удаа хөөгдөж байсан юм.
Маог нас барсны дараа намд буцаж ирсэн Жу 1991 онд Хятадын эдийн засгийг хариуцсан дэд сайдын албан тушаалд томилогдож байжээ. Үүнээс хойш долоон жилийн дараа тэр ерөнхий сайдын албан тушаалд дэвшсэн байна.
Жу 2002 онд Хятад улсыг Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлэх хүнд хэцүү яриа хэлэлцээг удирдаж байжээ.
Төрийн мэдээллийн хэрэгслүүд эмгэнэлийн мэдээндээ түүнийг “Хятадын Коммунист Намын гарамгай гишүүн, үнэнч коммунист, нам, төрийн онцгой удирдагч” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
