3х3 сагсан бөмбөгийн залуучуудын цуврал тэмцээний гурав дахь өдөр Монголын эрэгтэй баг алтан медаль хүртлээ
3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод энэ сарын 10-нд эхэлсэн билээ. Нийт зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг эр, эм баг өрсөлдөж буй.
Өдөр бүр шинэ аварга тодордог уг тэмцээнд өчигдөр Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг аваргаллаа. Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхсэн байна.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан. Тэд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэлжээ.
Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт авч, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид онцгойров.
Өнөөдөр тус тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
