Хөлбөмбөгийн од Кристиано Рональдо өөрийн урт хугацааны хамтран амьдрагч Жоржина Родригестэй гэрлэжээ
Хөлбөмбөгийн дэлхийн супер од Кристиано Рональдо өөрийн урт хугацааны хамтран амьдрагч, модель Жоржина Родригестэй саяхан Португалид гэрлэжээ.
Тэрбээр өчигдөр өөрийн Инстаграм хуудсанд хуримын бөгжтэй хоёр гарны зургийг нийтэлсэн байна.
Португалийн хэвлэлүүд тэднийг нийслэл Лиссабоны ойролцоох эргийн Каскайс хотод наймдугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, таван хүүхэд нь оролцсоныг мэдээлжээ.
Хос хоёр Родригесийн ажилладаг байсан Мадридын Gucci брэндийн дэлгүүрт танилцсанаасаа хойш 10 жилийн турш хамт амьдарч байгаа юм.
Тухайн үед Рональдо нь Испанийн хөлбөмбөгийн Реал Мадрид клубт тоглодог байжээ.
Тэд өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдөр сүй тавьснаа зарлаж байв.
Рональдогийн таван хүүхдийн хоёр нь Родригесийнх юм.
Родригес одоо бусад гурван хүүхдийг нь хамт өсгөлцөж, Саудын Арабын нийслэл Рияд хотод гэр бүлээрээ амьдарч байгаа.
Хосын ууган охин болох Алана Мартина 2017 онд, бага охин Белла 2022 оны дөрөвдүгээр сард төрж байжээ. Бага охин ихэр байсан ч төрөх үед өрөөсөн нь эндсэн юм.
Рональдо спортын замналынхаа турш Лиссабоны Спортинг, Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус, Саудын Арабын Аль Насср клубүүд болон Португалийн шигшээ багт тоглохдоо нийт бараг 1,000 гоол оруулж байв.
Тэрбээр саяхан сүүлчийн буюу зургаа дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон нь Аргентины од Лионель Месситэй эн зэрэгцэх дээд амжилт болсон.
41 настай тэрбээр Алтан Бөмбөг шагналыг таван удаа хүртсэн нь энэ шагналыг найман удаа хүртсэн Мессигийн дараа орох өндөр амжилт юм.
Рональдо 2022 онд Саудын Арабын Аль Насср клубт орсон бөгөөд 2027 оныг хүртэл тоглох гэрээтэй байгаа.
Өнгөрсөн онд Блүүмбэрг агентлаг түүний хөрөнгийн хэмжээг $1.4 тэрбум гэж тооцоолсноор хөлбөмбөгийн спортын анхны тэрбумтан болж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
