Өнгөрсөн сард Турк улсаас буцахдаа Трамп нууцаар онгоцоо сольсон нь Ираны халдлагаас хамгаалах арга хэмжээ байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сард Турк улсад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болзошгүй халдлагаас зайлсхийх зорилгоор онгоцоо сольж ниссэнийг Вашингтон Пост сонин өчигдөр олж мэдээлжээ.

Нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн тус сонинд өгсөн ярилцлагад өгүүлснээр долдугаар сарын 8-ны өдөр Анкара хотоос буцахдаа Трамп өөрийн Air Force One нисэх онгоцны хаалгаар орсон ч тэр дороо тус онгоцонд залгагдсан байсан хүнсний чингэлэгт шилжиж орсон гэнэ.

Дараа нь уг чингэлгийг ачсан автомашин хөдөлж, өөр жижиг C-32A цэргийн нисэх онгоцонд очиж залгагдахад Трамп уг онгоцонд нууцаар суугаад Их Британи руу нисжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тухайн үед АНУ-ын зарим албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийнхэн Трампыг том онгоцондоо байгаа гэж бодож байсан гэнэ.

Энэ нууц арга хэмжээ нь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл Трампын амь насанд халдахаар төлөвлөж байгаа гэх тагнуулын мэдээллээс үүдэлтэй зохион байгуулагджээ.

Өмнө нь Америкийн хэвлэлүүд Трампыг буцахдаа Катарын засгийн газрын бэлэглэсэн шинэ Boeing 747-8 онгоцыг ашиглаагүй, хуучин нисэх онгоцоо ашигласныг Ираны аюул заналтай холбон тайлбарлаж байсан юм.

Анкарад байхдаа Трамп хуучин онгоцоороо Их Британи хүртэл нисээд тэндхийн цэргийн баазад шинэ онгоцоо шалгуулсны дараа солиод АНУ руу нисэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байв. Үүнийг тэр шинэ онгоцны ямар нэг тоног төхөөрөмжийг шалгах шаардлагатай болсонтой холбон тайлбарлаж байжээ.

Өнгөрсөн онд Катарын хааны гэр бүл тансаг ангиллын шинэ онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэсэн бөгөөд 1990 оноос хойш ашиглагдаж байгаа хуучин хоёр онгоцоо байнга голдог байсан Трамп энэ бэлгийг маш их таалсан юм.

Шинэ онгоцыг аюулаас хамгаалах техникээр тоноглосны дараа долдугаар сарын 1-ний өдөр Трамп анх удаа Умард Дакота муж руу нисэхдээ ашиглаж байв.

Дараа нь Турк улс руу нисэхдээ ашигласан нь шинэ онгоцны анхны гадаад нислэг байжээ.

Тухайн үед Туркийн нийслэлээс буцахдаа онгоцоо сольсон нь шинэ онгоцны аюулаас хамгаалах тоноглол хангалтгүй байсантай холбоотой гэсэн мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч няцааж байжээ.

Вашингтон Пост сонины нийтэлсэн дүрс бичлэгт Трампыг том онгоцны хаалгаар орсноос хойш хэдхэн минутын дараа хүнсний чингэлэгтэй машин хөдөлж байгааг харуулсан байна.

Сүүлд хоёр онгоц Их Британид газардсаны дараа Трамп том онгоцноосоо бууж ирээд шинэ онгоц руугаа алхаж байгааг харуулсан дүрс бичлэг цацагдаж байв.

Их Британид газардсаныхаа дараа Трамп жижиг онгоцноос том онгоцондоо яаж шилжсэн нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP