Б.Сүхбаатар: Шатахууны импортын урсгалыг тасалдуулахгүй шуурхай горимоор хяналт бүрдүүлэлтийг хийж байгаа
Гаалийн байгууллагаас дотоод хяналт шалгалт, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хууль бус бараа бүтээгдэхүүний талаар мэдээллээ.
Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын Гаалийн хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар хэлэхдээ "Хил гаалиар нэвтэрч байгаа түлш шатахууны импортын урсгалыг тасалдуулахгүй байх үүднээс хялбаршуулсан шуурхай горимоор хяналт бүрдүүлэлтийг хийж байгаа.
Түлш шатахуун ААН-ийнхээ агуулах саванд буусны дараа бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилгоор чанарын хяналтыг гаалийн байгууллагаас хийнэ.
Түүнчлэн хилээр шатахуун оруулж ирж байгаа ААН-үүд гаалийн байгууллагад хялбаршуулсан мэдүүлгээ шуурхай гаргаж өгөх тохиолдолд тухайн шатахууны юүлэлт, шилжүүлэн ачилтыг гаалийн байгууллагаас зөвшөөрлийг нь олгож, гаальд мэдүүлэхтэй зэрэгцэн бүрдүүлэлтийн явцад юүлэлтийг нь давхар хийлгэж байна. Гаалийн байгууллага энэ аргачлалыг баримтлан ажиллаж байгаа.
Наймдугаар сарын 1-нээс хойш түлш шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт тасралтгүй хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 1-12-ний хооронд нийт 66.3 мянган тонн түлш шатахуун улсын хилээр импортолжээ. Түлш шатахууны 92 хувь нь Сүхбаатар боомтоор буюу ОХУ-аас нийлүүлэгдэж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

