Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө

Б.Мөнхтуяа, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ) болон Япон Улсын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хэдийгээр энэ нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин боловч Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм. 2024 онд гэхэд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээлэл бий. Иймд өнөөдөр эмнэлгүүдэд тоног төхөөрөмж, шинжилгээний урвалж хүлээлгэн өгч буй нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас онцолсон.

Мөн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагуудад талархал илэрхийлэв.

Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраас  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх  зорилтын хүрээнд HPV-ийн вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, товлолт вакцины жагсаалтад багтаагаад байна. Мөн 2026 онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 742 эмч, эрүүл мэндийн ажилтныг HPV ДНХ шинжилгээ, оношилгоо болон хавдрын урьдал эмгэгийн эмчилгээний чиглэлээр сургажээ.

HPV ДНХ шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папиллома вирусийн халдварыг эрт илрүүлж, эрсдэлтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ, хяналтад хамруулах боломжийг бүрдүүлэх юм байна.