Ховор алмааз чулуу олсон Энэтхэгийн долоон ажилчин амьдралаа өөрчлөх боломжтой болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн төв бүсийн Мадхья Прадеш мужид оршдог Панна хот бол тус улсын алмааз олборлолтын төв юм.

Энд ядуу ажилчид газрын эздийн уурхайд ажиллаж амьдралаа залгуулдаг. Тэгвэл ийм долоон ажилчин санамсаргүй өөрсдийн түрээсэлсэн газар дээрээс 17.96 каратын хэмжээтэй үнэт чулуу олсон нь тэдний амьдралыг өөрчлөх хэмжээний азтай үйл явдал болжээ.

Паннагийн алмаазны мэргэжилтэн Рави Пател тэдний олсон чулууг байгалийн алмаазны хамгийн сайн сортуудын нэг гэж магтсан байна.

Ирэх аравдугаар сард болох дуудлага худалдааны үеэр уг чулууг үнэ хаялцуулан зарахаар төлөвлөжээ. Пател үүнийг доод тал нь 5 сая рупигийн ($52,400) үнэ хүрнэ гэж үзэж байна.

Паннагийн ажилчдын дийлэнх нь олсон эрдэнэсээ газрын эздэд тушаадаг тул баяжих боломж байдаггүй. Харин сүүлд алмааз олдсон газрыг хоёр жилийн өмнө Ахилеш Пал зургаан хамтрагчийн хамт багахан үнээр түрээсэлж байжээ.

Тиймээс тэд олзныхоо ашгийг шууд хүртэх эрхтэй юм байна.

Тэд уурхайгаа нэг жилийн турш хаасны дараа саяхан нээгээд ийм том олз олжээ.

“Бид тэнд хоёр жил орчим хайгуул явуулаад юу ч олоогүй тул нэг жилийн турш хаасан. Хажууд нь өөр нэг уурхай нээгээд байлаа. Шинэ уурхайгаа шалгахаар очихдоо хуучин уурхайн ам руу шагайхад энэ алмааз олдсон. Даваа гарагт орсон хүчтэй бороо түүнийг ил гаргасан бололтой” гэж Пал орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Аравдугаар сард болох дуудлага худалдаанд Энэтхэгээс болон гадаадаас алмаазны худалдан авагчид Паннад цугларах юм.

Засгийн газар борлуулалтын орлогоос 12 хувийн роялти татвар суутгах бөгөөд үлдсэн бүх мөнгө Пал болон түүний хамтрагчдад очих ажээ.

Ядуу ажилчдын хувьд энэ нь тэдний амьдралыг өөрчлөх хэмжээний мөнгө гэнэ.

Тэдний гурав нь мөнгөгүйн улмаас гэр бүлтэй болж чадахгүй байсан бол одоо сүйт бүсгүй олох боломжтой болж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC