А.Амартүвшин: 2026 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг 100 хувьд хүргэнэ
Засгийн газрын 2023 оны тогтоолоор умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зорилгоор Хүний Папиллома Вирус(ХПВ)-ийн эсрэг вакциныг үндэсний товлолт вакцин болгон баталсан.
Улмаар 2024 оноос товлолын дагуу 11 настай хөвгүүд, охидод хийж байгаа юм. Гэвч хамрагдалт төдийлөн сайн биш буюу 20 хувьтай байсныг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.
Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сантай хамтран ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлснээр 2025 оны эцэст 40 гаруй хувь, 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 65.5 хувьтай үргэлжилж байгаа юм.
Дархлаажуулалтыг цаашид эрчимтэй үргэлжлүүлж, энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүргэхээр холбогдох албаныхан зорилт тавьсан байна. Энэ онд 11 настай хүрч буй охид, хөвгүүдийг ХПВ-ийн дархлаажуулалтад бүрэн хамруулсны дараа 2023, 2024, 2025 онд энэ вакциныг хийлгэж чадаагүй хүүхдүүдээ нөхөн хамруулах юм.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ХПВ-ийн эсрэг дархлаажуулалт, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдварыг бууруулахад хамтарч ажиллахаар болж, өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичгээ гурван жилийн хугацаатайгаар байгууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастел "Бид НЗДТГ-тай хүн амын сайн сайхан байдал, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.
Өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар нийслэлийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, усан хангамж, эрүүл ахуй, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах үндсээ тавьж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад урт хугацаанд хамтын ажиллагааны түүхээ бэхжүүлсээр ирсэн. Цаашид бидний хамтын ажиллагаа нийслэлийн, орон нутгийн болон үндэсний түвшинд улам цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
