Казахстан Монголын хооронд авто зам барих хамтын шийдвэрт хүрлээ
-Казахстан улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авсны дараа төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, талууд Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр Казахстаны Ерөнхийлөгч хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр болсон ажлуудын талаар дараах мэдэгдлийг хийлээ.
Касым-Жомарт Кемелевич Токаев: Бидний түүх язгуур нийтлэг. Бид нүүдэлчний соёл ба эсгий гэр соёлын өв залгамжлагчид. Бидний аж байдал, оюун санаа, амьдралын хэв маяг, ёс уламжлал ижил төстэй.
Тиймээс бид үргэлж санаа нэг байж, гаргасан амжилтдаа баярлах учиртай. Сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.
Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх таны болон Монголын ард түмний элгэмсэг, халуун дотно сэтгэлийг би үргэлж баяртайгаар санан дурсаж байх болно.
Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.
Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм.
Бид олон талт хамтын ажиллагааны бүхий л чиглэлд баялаг агуулгаар үр дүнтэй хэлэлцээр хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо.
Тухайлбал Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын хэлтэс нээх тухай шийдвэрт хүрлээ. Бид ахан дүүс түүхэн язгууртай орнуудын маань стратегийн түншлэлд түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Бид уг шийдвэрийг өндөр дээдээр үнэлж байна.
Энэ удаагийн айлчлалаар хэдэн хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая ам.доллар хүрч, 7.7 хувиар өслөө. Хоёр орны эдийн засгийн бололцоог харгалзаж үзвэл бидэнд илүү их боломж байна.
Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад учруулж байгаа бүхий л бэрхшээлийг аль болох багасгах хэрэгтэй гэж үзлээ.
Бид болон Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх боломж олгож байна.
Цаашид агаарын тээвэр, замын асуудалд анхаарах шаардлага бий. Авто зам барьж, тээврийн дөт зам нээх нь зүйтэй гэсэн хамтын шийдэлд хүрлээ. Үүнийг богино хугацаанд шийдэх боломж хомс ч бид нэг зорилготой байгааг харуулж байна. Энэ нь дороо шийдэгддэг асуудал биш ч гэлээ нэг зорилготой байгааг харуулж байна. Тийм учраас энэ ажлын хүрээнд хамтын Засгийн газрын хамтарсан ажлын баг ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.
Цаашид Казахстан Монголын авто замын асуудлыг шийдсэнээр худалдааны эргэлтийг өргөжүүлэх, цаашлаад бусад орнуудад ч гэсэн бидэнд боломж нээгдэнэ гэдгийг харж болно. Ялангуяа худалдааны эргэлтийг сайжруулахад маш шинэ том түлхэц болох билээ.
Өнгөрсөн жил би “Алтай дамнасан хэлэлцээр” гэсэн саналаа дэвшүүлсэн. Алтайг тойрсон дөрвөн орон худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын салбарт нийтлэг байр суурьтай байх нь том түлхэц болж, олон боломж олгоно.
Энэ нь Алтайн аялал жуулчлалыг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.
Энэ шийдвэрт хүрэхэд томоохон нөлөө үзүүлсэн Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэн, байгууллагуудад талархал илэрхийлье.
Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй ард түмэн билээ. Тэр дундаа геологийн эрэл хайгуул газрын хэвлийг ашиглах арвин туршлагатай. Энэ чиглэлд Казахстаны арвин туршлагыг цаашид хамтын ажиллагаандаа шингээн ажиллах бүрэн боломжтой.
Түүнчлэн мал, малын өвчний эсрэг вакцины үйлдвэрлэл Казахстанд ажиллаж байгаа. Цаашид хамтарсан уг чиглэлийн үйлдвэрийг байгуулж ажиллахад бид нар бэлэн байгаа.
Мөн Монголын дэлхийг сансраас ажиглах систем байгуулах тухай санаачилгад туслахад бэлэн байгаа. Казахстанд цахим хөгжлийн асуудалд мөн чухалчлан ач холбогдол өгдөг, стратегийн чанартай салбар гэж үздэг.
Түрүү жил Астанад зохион байгуулагдсан "Silk Way Star" олон улсын шоунд Монголын дуучин Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд маш халуун дотно санагдсан. Иймэрхүү төсөл хөтөлбөрүүд бидний оюун санааны соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд түлхэц болно.
Казахстанаас жил болгон Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож байгаа. Цаашид бид нар энэхүү сургалтын тэтгэлгийн тоог ахиулж Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин бэлдэхэд бэлэн байгаа. Энэ жил Монгол Улсад "Study in Kazakhstan" боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн түүнчлэн Казахстаны их сургуулийн салбарыг нээх асуудлыг санал болгож дэвшүүлсэн.
Цаашид манай хоёр орны хотууд хооронд ах дүүгийн хот байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо. Энэ нь бидний нөхөрсөг хамтын ажиллагааг худ худалдаа эдийн засгийг цаашид бэхжүүлэхэд шинэ зам бидэнд тавьж өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
